"Brent” маркийн нефтийн үнэ 40 ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-06-03 10:25:08

МОСКВА. /RIA Novosti/. “Brent” маркийн нефтийн үнэ гуравдугаар сарын 6-наас хойш анх удаа 40 ам.доллар давж өслөө.


Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 40.08 ам.долларт хүрч, 1.14 хувиар өссөн байна. Харин “WTI” маркийн нефтийн долдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1.96 хувиар өсөж, 37.53 ам.доллар болжээ. 


Хөрөнгө оруулагчид “ОПЕК +” хэлцлийн орнуудын удахгүй болох уулзалтыг үнэлсэн хэвээр байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тус байгууллага олборлолтыг бууруулах одоогийн тохиролцоог нэгээс гурван сараар сунгах талаар хэлэлцэж байгаа аж. 


Гуравдугаар сарын 6-нд “ОПЕК+” буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтоо бууруулах гэрээг сунгах, заалтуудыг нь өөрчлөх талаар тохиролцож чадаагүйтэй холбоотойгоор нефтийн үнэ унаж эхэлсэн билээ. Үүний улмаас өмнөх эвсэлд оролцогч орнууд олборлолтдоо тавьсан хязгаарлалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс цуцалж эхэлсэн юм. Зөвхөн гуравдугаар сард гэхэд нефтийн үнэ хоёр дахин буурсан. 


Харин дөрөвдүгээр сард “ОПЕК+”-ийн орнууд таваас зургадугаар сард олборлолтын хэмжээгээ хоногт 9.7 сая торхоор, оны хоёрдугаар хагаст 7.7 саяар, оны эцэс хүртэл 5.8 сая торхоор бууруулахаар тохиролцсон билээ.


Холбоотой мэдээ