Польшид амиа алдсан оюутны үхлийн шалтгаан тогтоогдоогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-10 13:35:27
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Польш улсын Краков хотод монгол оюутан өндрөөс унаж амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө.


Өнгөрсөн онд гадаад улсад манай улсын 128 иргэн амиа алджээ.


Тэрээр "Гадаадад манай улсын иргэдийн амь нас, эрх ашиг хохирсон тухай мэдээлэл элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжин Консулын газарт тухай бүр ирдэг. Бид тухай бүрд нь арга хэмжээ авдаг. Мэдээлэл болгоод хэлэхэд өнгөрсөн онд манай улсын 128 иргэн гадаадад амиа алдсан байна. 


Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Польш улсын Краков хотод 21 настай монгол оюутан өндрөөс унаж амиа алдсан тухай мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийг бид авсан даруйдаа Варшав дахь ЭСЯ-тай холбогдож тэнд буй өргөмжит консул цагдаагийн байгууллага, оюутнуудтай уулзсан. Авсан мэдээллээ ар гэрт нь яаралтай дуулгаж байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэв.


Ташрамд дурдахад, Польшид манай улсын 130 гаруй оюутан суралцдаг. Тэдний сургалтын төлбөрийг Польшийн Засгийн газар, амьжиргааны зардлыг Монгол Улсын Засгийн газар даадаг. Амьжиргааны зардлыг жилд хоёр удаа хуваан олгодог бөгөөд 5 дугаар сард олгох ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас олгогдоогүй байсныг энэ сарын 9-нд нөхөн олгожээ.  

Холбоотой мэдээ