Улсын хэмжээнд 17 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-10 15:03:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаад эдгэрсэн 87 өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна. Эдгэрсэн хүмүүс 14-53 хоног эмчлүүлсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Мөн тэрбээр цар тахлын аюул дуусах болоогүй, дэлхий дахинаа харанга дэлдсэн хэвээр байгаа тул иргэд сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсан юм.

Нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд вирус судлалын лабораторид 17 мянга 407 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ.  Улсын хэмжээнд 26 ажиглах байранд 2386 хүн байна.

Коронавирусээр халдварласан иргэдийн 40-өөд хувь нь вирус илрэх үедээ эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэггүй байсан бөгөөд эмнэлэгт хэвтэх явцдаа шинж тэмдэг илэрчээ. Өвчтөнүүдэд ихэвчлэн толгой өвдөх, хамар битүүрэх, сэрвэгнэх, загатнах, цэртэй ханиах, нус гоожих, ядарч сульдах, амтлах мэдрэхүйгээ алдах, дотор муухайрах, ам хатах, амьсгал давчдах, бие тавгүйрэх, булчин өвдөх, бөөлжих шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Одоогоор эдгэрсэн хүмүүсээс сувилалд 56, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 15 хүний ажиглалтын хугацаа дуусжээ.  

Ажиглах байранд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан үед 21 хоногийн дараа  ажиглах байрнаас гарч, 14 хоногийн гэрийн ажиглалт руу шилжиж буй. Мөн гэрийн ажиглалтад байгаа хүмүүсээс түргэн оношлуураар шинжилгээ авч байгаа аж.

Монгол Улсад коронавирусний батлагдсан 194 тохиолдол бүртгэгдсэнээс 140 буюу 72 хувь нь 16-24 насныхан бөгөөд гадаадад сурдаг оюутан болон дунд сургуулийн сурагчид юм. Халдвартай иргэдийн дундаж нас 24 байгаа аж.

Холбоотой мэдээ