Японы робот хэт ягаан туяаны тусламжтайгаар коронавирусийг устгажээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-06-27 16:02:02

ТОКИО. /TASS/. Японы “Farmroid” компанийн бүтээсэн робот тус улсын нэгэн эмнэлэгт явуулсан туршилтын үеэр өрөөний шал, ханыг коронавирусээс цэвэрлэж чаджээ. Томуугийн вирустэй тэмцэх зорилгоор бүтээсэн роботоо тус компани энэ оны долдугаар сараас худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа тухай “Asahi” сонин мэдээлэв.


“UV Buster” төхөөрөмж нь илүү богино долгионы урттай хэт ягаан туяа цацруулдаг байна. Ийм төрлийн цацраг нь озоны давхаргаар дамжин орж ирдэг энгийн хэт ягаан туяатай харьцуулахад илүү их хоруу чанартай байдаг аж. Уг робот нь томуугийн вирусийг 10 см-ийн зайнаас 2.5 секундийн дотор 99.9 хувь хүртэл устгаж чаддаг гэнэ. Харин коронавирусийг устгахад хэр хугацаа шаардагдсаныг мэдээлээгүй байна. 


“Farmroid” компанийн бүтээсэн роботын тусламжтайгаар коронавирусийг устгасан болохыг туршилтыг явуулсан Нихон их сургуулийн дэргэдэх эмнэлгийнхэн нотолсон байна. Энэхүү төхөөрөмжийг бид "корононовирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварт өвчний хоёр дахь давлагаанд бэлтгэхэд” ашиглах гэж байна хэмээн Нихон их сургуулийн уушгины эмгэг судлалын багш, профессор Яшухиро Гон ярьжээ.


Энэ төрлийн роботуудыг эмнэлгийн байгууллага, нисэх онгоцны буудал, худалдааны байгууллагуудад ашиглаж болно гэж үзэж байгаа ажээ. “UV Buster” төхөөрөмжийн вирусийг устгахад ялгаруулдаг хэт ягаан туяа нь хүний ​​биед аюултай учир уг роботыг ашиглахдаа техникийн аюулгүй байдлын арга хэмжээг өндөр түвшинд дагаж мөрдөх шаардлагатай байна. Гадны ийм роботуудтай өрсөлдөхийн тулд төхөөрөмжөө хямд үнээр худалдана гэж Farmroid компанийн төлөөлөгч мэдээлжээ. Тус компани роботоо захиалгаар үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хувь хүмүүст зарахгүй гэнэ.


Холбоотой мэдээ