Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банктай нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. 30 жилийн түүхтэй Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк, 21 жилийн түүхтэй Улаанбаатар хотын банктай нэгдлээ.
Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна.
Улаанбаатар хотын банк нь 1999 оноос өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай, чанартайгаар хүргэж ирсэн бөгөөд Монголбанкны тодорхойлсноор банкны системийн нөлөө бүхий зургаан банкны нэг юм.
Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор нэгдэх нь их байдаг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог байна.
Ийнхүү хоёр банк нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж, харилцагч болон ажилтнуудын тоо, салбар нэгжийн хүртээмж зэргээр улам хүчирхэгжиж, харилцагчдадаа илүү ойртох стратегийн зорилтод жинтэй хувь нэмэр болж байна.
Мөн тус нэгдлээр Худалдаа, хөгжлийн банкны нийт актив, өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад санхүүгийн тоон үзүүлэлтүүд, зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ улам нэмэгдэх хүлээлттэй байна.