Дэлхийн гаалийн байгууллагын дарга нарын ээлжит чуулган цахимаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Гаалийн
байгууллага /ДГБ/-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 135/136
дугаар ээлжит чуулган анх удаа цахимаар энэ сарын 25-нд
амжилттай болов.
Энэ удаагийн чуулганы
онцлог нь “Ковид-19” халдварын улмаас хэлэлцэх асуудлыг урьдчилан ирүүлж,
төлөөлөгчдийн тэргүүн нар өөрсдийн саналаа хүргүүлж,
хэлэлцүүлсэн байна.
ДГБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Кунио Микурияа “Энэ удаагийн чуулган ДГБ-ын
гишүүн орнуудын хувьд ажиллах шинэ зарчмыг бий болгож байна. Мөн Дэлхийн
худалдааны байгууллага, Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Нэгдсэн
үндэсний байгууллага “Ковид-19” цар тахлын үед худалдааны урсгалыг саадгүй
нэвтрүүлэхэд анхаарч байна. Цаашид бид энэ хэцүү үед
өөрсдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, эрсдэлээс сэргийлэх зорилгоор ДГБ нь
гишүүдийн чадавхыг дээшлүүлэх талаар анхааран төсөл хөтөлбөрүүд хийж та бүхэнд “Ковид-19”
халдварын үед бэрхшээлгүй ажиллахад нарийн зааварчилгаа өгөх болно ” хэмээн онцолж
чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Чуулганд тус
байгууллагын гишүүн 183 орны гаалийн байгууллагын тэргүүн нар оролцож ДГБ-ын
Уялдуулсан системийн конвенцод оруулах өөрчлөлт; ДГБ-ын Санхүүгийн Хорооны 103
дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийг батлахын зэрэгцээ ДГБ-ын чуулган,
Санхүүгийн болон Аудитын Хорооны даргалагч, дэд даргалагчийн үүрэг гүйцэтгэх
хугацааг 2020 оны 12 дугаар сар хүртэл сунгахаар шийдвэрлэв
Чуулганы төгсгөлд
хөтөлбөрийн дагуу ДГБ-ын 6 бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвийн дэд
даргалагчийг сонгож, ДГБ-аас 2020/2021 оны санхүүгийн жилд зохион байгуулагдах
хуралдаан, уулзалтын төлөвлөгөөг баталлаа. Ийнхүү ДГБ-ын 135/136 дугаар чуулган
амжилттай хуралдаж, 137 дугаар чуулганыг энэ оны 12 дугаар сард зохион
байгуулахаар товлов.