Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-04 08:34:11

БРАЗИЛИА. /BBC/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару цар тахал дэгдсэн энэ үед амны хаалт заавал зүүх тухай хуулийг баасан гарагт баталжээ. Гэсэн хэдий ч дэлгүүр, сүм, сургуульд амны хаалт зүүхэд хориг тавьсан байна.


“Ард иргэд гэртээ амны хаалт зүүгээгүйн улмаас торгуулж болзошгүй” гэж Ж.Болсонару нийгмийн cүлжээгээр шууд дамжуулан мэдэгдэл хийх үеэрээ хэлжээ.


Бразил халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж буйг үл харгалзан тэрбээр улс орондоо дэгдсэн халдварын тархалтын нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Бразилд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс хойш 1.5 сая орчим хүн халдвар авч, 61884 хүн нас барсан байна.


BBC” сувгийн Өмнөд Америк дахь сэтгүүлч Кэти Уатсоны мэдээлснээр, Ж.Болсонару амны хаалтад нэг их ач холбогдол өгч байгаагүй ажээ. Хэдийгээр Бразилд амны хаалт заавал зүүх шаардлагатай болсон боловч уг дүрмийг бүх хүн мөрдөх шаардлагагүй тул үр дүн нь сул байж магадгүй гэж К.Уатсон мэдээлжээ.


Конгрессын Төлөөлөгчдийн танхимын баталсан хуулийн төсөлд “арилжааны болон аж үйлдвэрийн газрууд, шашны сүм, сургалтын төвүүд, хүмүүс олноор цугладаг газруудад” амны хаалт заавал зүүхийг тусгасан байжээ. Харин Ж.Болсонару баасан гарагт уг заалтыг хүний үндсэн эрхийг зөрчиж болзошгүй хэмээн үзэж, хориг тавьжээ.


Түүнчлэн тэрбээр ядуу иргэдэд амны хаалт тараахад мөн хориг тавьжээ. Конгресс Ерөнхийлөгчийн хоригуудыг дийлэнх олонхын саналаар 30 хоногийн дотор цуцлах боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ