Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх дугуйн замын ажил 90 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-05 12:02:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нарын албаныхан Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих  бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дугуйн замыг төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал нь замын чанар стандарт" гэдгийг онцлоод дугуйн замыг ашиглалтад орсны дараагаар арчлалт хамгааллыг тусгайлан хариуцаж ажиллах хариуцсан эзэнтэй байлгах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав.

Мөн дугуйн зам цэвэрлэдэг зориулалтын техникийг судалж түүгээр дугуйн замаа цэвэрлэж ялангуяа өвлийн цагт эвдрэл гэмтэлгүй байлгахад онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хэллээ.


Холбоотой мэдээ