НӨАТ-ын II улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-06 09:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын алба нь тухайн улиралд олгох НӨАТ-ын буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны дотор баталгаажуулан, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. Тиймээс иргэд, ААН энэ оны II улирлын цахим төлбөрийн баримтаа 7 дугаар сарын 8-ны 23.59.59 цагаас өмнө бүртгүүлэн, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас анхааруулав.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгох ажээ. Үүнд: 

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх,
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх,
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24.00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. 

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдөрт багтаан хянадаг. Ингэхдээ буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг. 

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. 

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл:

  • НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.
  • Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.
Холбоотой мэдээ