Нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг нээлттэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-22 19:49:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газарт өглөө.


УОК-ын дарга Я.Содбаатар иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан гадаадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгохыг үүрэг болгосон юм.  


Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомт болон тусгай нислэгээр татан авч байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 14 367 иргэнийг УОК-ын шийдвэрээр эх оронд нь татан аваад байна.


Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадаадын 55 улсаас 10614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна.

Холбоотой мэдээ