Ч.Дүүрэнжаргал: Нугасны муухай дэгдээхэй хамгийн гоё хун болно

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-08-01 14:29:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урлаг соёлын салбарын үйл ажиллагааг “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбоотойгоор      УОК-ын шийдвэрээр тодорхой хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн. Харин УДБЭТ-ийн балет ангийн хамт олон хөл хорио тавигдах хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийсээр байна. Тэдний нэг нь залуу уран бүтээлч Чинбатын Дүүрэнжаргал юм.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед та бүхэн бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж байна вэ?

-УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу орж гарахдаа биеийн халуунаа хэмжүүлж, улавч өмсөж, гараа ариутгаж байгаа. Мөн бэлтгэлээ хийхдээ 1 цаг 30 минутын дасгалыг тав таваараа хүн хоорондын зайгаа баримтлан амны хаалтаа зүүж хийж байна. Хэзээ хөл хорио цуцлахыг мэдэхгүй ч балетын урлаг бол тухайн балетчин хүнээс үргэлж бэлэн, бэлтгэлтэй  байдлыг шаарддаг учраас цар тахал гарч хөл хорио тогтоосон ч хэвийн үеийнх шигээ тогтмол бэлтгэлээ үргэлжлүүлэхийг хичээж байна.


-Хэвийн үед танай театр жилд хэдэн тоглолт зохион байгуулдаг бэ? 

-УДБЭТ-ын уран сайхны удирдагч жилээр нь тоглолтын хуваарийг төлөвлөж, гаргадаг. Сард 4 удаа тоглолт зохион байгуулдаг бөгөөд хоёр дуурийн тоглолт, хоёр балетын тоглолттой байдаг. Бид ажлын таван өдөрт тоглолтод бэлтгэж  бүжгийг хэсэг бүрээр  нь хуваарилж, хариуцсан багштайгаа ажиллана. Юуны түрүүнд дүрээ маш сайн судлах нь чухал байдаг. Дараа нь дүрийн хөдөлгөөний техниктэй ажиллана. Тухайн долоо хоногт тоглолтоо сайтар бэлдэхээс гадна дараа долоо хоногийн тоглолтоо давхар бэлддэг. Бид ачаалалтай үедээ хоёроос дөрвөн тоглолтыг нэг өдөр бэлддэг юм. Харин тоглолтын үеэр,  дүрээ мэдрэх, үзэгчидтэйгээ холбоо үүсгэх, тайзны хуваарилалтандаа анхаарч, орон зайгаа мэдэрч бүжиглэх гээд нэг бүжигчнээс маш олон ур чадварыг шаарддаг. “Олуул” бүжигт л гэхэд эгнээгээ харах, аяа сонсох, хөдөлгөөнөө зэрэг хийх хэрэгтэй. Тэр бүрийг тоглолтын үеэр сайн гүйцэтгэхийн тулд бэлтгэлийн үеэр анхаарч ажилладаг.


-Багшийн эрдэм шавьд гэдэг. Уншигчдад та багш нараа танилцуулах уу?

-УДБЭТ-ын багш нар маань маш чадварлаг. Багш нар зүгээр нэг бэлтгэл хийлгэж, хөдөлгөөн давтуулсан болоод орхидоггүй. Хөдөлгөөний хэмнэл, мэдрэмж, хөгжмийн хөг, аялгууг тайлбарлаж, дүртэй ажиллах зэрэг олон талаас нь тусалдаг.  Бидний сэтгэл санааг нэгтгэж, нэг зүг рүү чиглүүлж чаддаг. Би багадаа их жижигхэн биетэй, жоохон хөл гартай байсан юм. Хөгжим бүжгийн коллежид сурч байхад мэргэжлийн суурийн хичээл заадаг байсан  МУГЖ Б.Энхтуяа багш  хэлэхдээ "Нугасны муухай дэгдээхэй хамгийн гоё хун болно" гэж хэлж байсан. Тэр үед энэ үгнээс урам зориг, итгэл найдвар авч байсан. Магадгүй тэр итгэл найдвараар одоог хүртэл явж байгаа байх. Яг хун болно гэсэн шууд утгатай биш. Надад ирээдүй байгаа юм байна аа гэдгийг тухайн үед олж харсан байж магадгүй.


-УДБЭТ-т нийт хэдэн балетчин байдаг  вэ?

-Манай УДБЭТ-т 50 гаруй балетчин байдаг. Манай хамт олон их оюунлаг, бие биедээ сурч хөгжих боломжийг нээж өгдөг. Шантрах үед урмын үг хэлж, мэддэг чаддаг бүхнээсээ хуваалцаж, тусладаг. Манай хамт олон маш сайхан уур амьсгалтай. Мөн миний хамтран бүжээч Д.Нацагдорж бол миний хамгийн сайн найз. Бид 2 Хөгжим бүжгийн коллежид байх үеэс л найзлаж хамтран бүжсэн. УДБЭТ-т ороод олон дүрд хамтран бүжиглэж, олон улсын тэмцээнд хамт оролцож байлаа.  Бидэнд бэлтгэлтэй холбоотой маргалдах үе гарсан ч, эргээд амархан эвлэрдэг. Тэгээд үргэлжлүүлэн бэлтгэлээ хийж, алдаагаа засан, илүү сайжирч хөгжихийн төлөө хамтдаа хөдөлмөрлөдөг. 


-Мэргэжлээ зөв сонгоно гэдэг маш чухал. Балетчин болох эцсийн шийдвэрийг өөрөө хэрхэн гаргаж байв?

-Яг хөгжим бүжгийг төгсөх жилдээ балетчин болох шийдвэрийг гаргаж байсан. Зарим хүүхдүүд үргэлжлүүлэн их сургуульд суралцах сонголт хийж байлаа. Сургуулиа төгсөхөд ээж өөр мэргэжил сонгох эсэхийг минь асуусан. Би багаасаа энэ мэргэжилд маш их цаг зарцуулж, тэсвэр тэвчээр гаргаж байсан учраас үр дүнг нь үзэхийг хүссэн юм. Хэн хүссэн нь энэ мэргэжлийг эзэмшиж чадахгүй. Асар их хөдөлмөр зүтгэл шаардсан мэргэжил. Хүнээс тууштай, зарчимч, хөдөлмөрч зан чанар, нарийн мэдрэмж шаарддаг, бас хатуужил, хүмүүжилтэй болгодог. Балетыг би алмазтай зүйрлэнэ. Алмаз эрдэнэ газрын гүнд байдаг, маш гоё гялтганадаг. Хэн хамгийн их тууштай зүтгэсэн нь алмаз эрдэнэ мэт гялтганаж чадна. 


-Хэрвээ балетчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бол?

-Эмч. Учир нь би эхээс ихэр төрсөн. Ээж маань багш мэргэжилтэй. Манай ихэр боловсролын салбарт ажиллахаар сурч байгаа. Гэр бүлийнхнийгээ дагаж боловсролын салбарын хүн болсон байж магадгүй юм. 

-Балетын бүжигчин хүн ямар байх хэрэгтэй вэ. Энэ их бэлтгэл хийгээд шантрах тохиолдол гарч байсан уу?

-Бэлтгэлийн үеэр, биед ачаалал ирэхийн хажуугаар сэтгэл санааны тодорхой сорилттой тулгардаг. Тоглолтын өмнөх долоо хоногт шинэ чешк өмсөж хөлөндөө дасгах шаардлагатай болдог.  Хөл өвдөж цэврүүтэж,  шалбарах тохиолдол гарч байсан ч бэлтгэлийн ард гарах л хэрэгтэй гэж боддог. Хэрвээ тоглолтын үеэр алдаа гаргавал уран бүтээлчдийн цаг зав, хүч хөдөлмөрийг баллана. Тиймээс бэлтгэлээ үргэлж сайн хийхийг хичээдэг дээ. Балетын урлаг сэтгэлийн хатыг их шаарддаг. Гадаа салхитай, шуургатай байсан ч сэтгэл санаа чинь тогтворгүй байсан ч бүх үед бэлтгэлээ тогтмол хийх ёстой. Сургуулиа төгсдөг жил УДБЭТ-т ажиллаж байхдаа хөлдөө гэмтэл авч байлаа. Эмч нар дахиж бүжиглэхгүй байж магадгүй гэхэд дэлхий ертөнц харанхуй болсон юм шиг санагдаж байсан. Гэвч ачтай, эрдэмтэй багш нарын дэмжлэгтэйгээр эргэн тайзнаа гарч чадсан. Мөн багш нарын итгэлийг алдах үед маш их хэцүү байдаг. Тухайн бүжигчнийг тогтолтоо амжилттай дуусгахын тулд, багш нар  бэлтгэлийн үеэр маш их хичээж байгаа шүү дээ. Гэтэл бэлтгэлээ муу хийх, тайзан дээрээ алдаа гаргах үед багш нарынхаа итгэлийг алдаж байгаа юм шиг санагдаж хэцүү байдаг.


-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Өөртөө чөлөөт цаг гаргахыг их хичээдэг. Өглөө эрт босох тусам надад их цаг гардаг. Ажилдаа явахаас өмнө, өглөөний 5-8 цаг бол миний хувь хүний хөгжилдөө анхаарах цаг. Миний бодлоор амрах гэдэг нь унтаж, идэж гэртээ өнгөрүүлэх цаг гэж боддоггүй. Үеийнхэнтэйгээ төрөл бүрийн сэдвээр ярилцаж санаа бодлоо хуваалцаж чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай.


-Таныг НҮБ-ын залуучуудын зөвлөх хороонд ажиллаж байгаа гэсэн. Энэ байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Залуучуудын дуу хоолойг НҮБ-тай холбох гүүр гэж ойлгож болно. Монголын залуучууд ямар үзэл бодолтой байгааг илэрхийлэх төлөөлөл нь болдог. 16-24 насны залуучууд манай зөвлөх хороонд байдаг. Би 2019 оны 9 дүгээр сард элсэн орсон. 2 жилийн мандаттай байдаг юм. Бид "Model UNESCO" загвар хурлыг жил бүр зохион явуулдаг. Мөн гурвалсан уулзалт, залуучуудын дуу хоолойг дамжуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг танилцуулах сургалтуудыг намраас хойш хийж байна. Тогтвортой хөгжлийн зорилго нь ногоон байгаль дэлхийгээ хайрлая гэсэн зорилго дор явж байгаа. Байгаль, ус, тог цахилгаанаа битгий хамаагүй хэрэглэ. Ядуурлыг бууруулах гэх мэт.


-“Эртэч Монгол” хөтөлбөрт бас хамрагддаг юм байна. Энэ тухайд?

-Хүмүүс эртлэн босож өглөөний цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг. Ингэхдээ зөвхөн хувь хүний хөгжлөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө эерэг үр дүн рүү тэмүүлдэг гэж ойлгодог. Өглөө эрт босоод бусдаасаа суралцаж, бусдад эерэгээр нөлөөлж байгаадаа их талархалтай явдаг. Надад аз жаргал бэлэглэдэг газар бидний хийсэн ажлуудаас дурьдвал,  “Эрүүл, Эртэч, Эерэг Монгол" гэсэн уриатайгаар 2000 гаруй залууг өөрсдийн хүслээр хэний ч шахалтгүйгээр өглөө эрт босож, Монгол бүжгийн флаш моб хийсэн. Алдарт "HU" хамтлагийн аян дээр бүжиглэсэн. Бид Монголоо гэсэн үнэт зүйл дээр нэгдэж байна гэсэн үнэт зүйлээр нэгдэж байна гэсэн утгаар энэ флаш мобыг хийсэн юм.


- Балетын урлаг хэзээ, хаана үүссэн бэ? 

-Балет XIV-XV дугаар зуунд Италийн ардын бүжгээс үүссэн. Балетын түүх 15 дугаар зуун Италийн ренесансын үеэс эхлэдэг. Тайзны хэмжээнд очсон нь Францын "Наран хаан" гэж алдаршсан 14 дүгээр Людовик хааны үе буюу 1643-1715 онд балет бие даасан урлагийн нэг болсон юм билээ. 1661 онд Францын бүжгийн академийг байгуулсан нь одоогийн Парисын дуурь бүжгийн театр /Paris Opera House/ юм. Францад анхны мэргэжлийн сургууль нь үүссэн гэдэг утгаараа бүх хөдөлгөөний нэршил нь Франц хэлээр байдаг. XIX дүгээр зуун бол Оросын балетын хөгжил цэцэглэлтийн үе байсан. Анх 1877 онд "Хунт нуур" Москвагийн Большой театрт тавигдсан. Манай улсад Ардын хувьсгал дэлхийн сор болсон сонгодог урлагийг улсдаа хөгжүүлэх бодлого  1950-иад оноос эхлэж, балетын анхны 28 эрэгтэй, эмэгтэйг Москвагийн театр урлагийн их сургуульд явуулжээ. Тэдгээр хүмүүс 1963 онд төгсөж ирсэн байна. Тэдний нэг нь балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг Б.Жамъяндагва багш юм. Тэрээр Монгол Улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавъяа байгуулсан уран бүтээлч юм. Мөн П.И.Чайковский “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Мөнгөн залаа” балетыг 1980 онд Монголын тайзнаа дэглэн найруулж байсан билээ. Монголын балетын эцэг гэгддэг хүн юм.  Анхны үндэсний балет бол "Манай Нэгдлийнхэн" юм. 


-Сонгодог урлаг ер нь хүнд юу өгдөг гэж та бодож байна?

-Анхны хуруун дээрээ гарсан эмэгтэй бол Мария Тальони. Тэнгэрт тэмүүлж чадахгүй юмаа гэхэд сэтгэлээрээ тэмүүлж байгаагаа илэрхийлж хуруун дээрээ гарсан гэдэг. Тэр утгаараа тэнгэрийн урлаг гэж нэрлэсэн байх. Балет авиа гаргадаггүй биеийн хөдөлгөөн, техникээр илэрхийлдэг урлаг. Аливаа түүхийг биеийн хөдөлгөөнөөр кино үзүүлж байгаа мэт дүрслэн харуулж болно. Ер нь бол цахимаар дүүрэн балетын бичлэг байгаа. Гэхдээ театрын орчин гэдэг тэс өөр. Тоглолт үзэхээр театрт ирсэн үзэгчдэдсимфони найрал хөгжмийн эгшгийг бодитоор сонсох, тодорхой утга санааг хүргэхийн сацуу нандин мэдрэмжийг өгдөг. Аливаа тоглолт үзэхээс 10 минутын өмнө үйл явдлыг бичсэн танилцуулгатайгаа танилцах хэрэгтэй. Дахин тохиолдохгүй хором гэж байдаг. Тийм нандин мэдрэмжээр дамжуулж гоо зүйн боловсрол олгож байдаг. Театрын орчинд тэр хөдөлгөөн, тэр үзэгдэл дахин давтагдашгүй байдлыг үзэх боломжтой.


-Одоогийн Дүүрэнжаргал ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-Би бага байхдаа бүжгийн заалнаас гарахгүй шаргуу бэлтгэл хийдэг хүүхэд байсан. Одоо бол өөрийгөө өөр талаас нь харахыг хичээж байгаа. Өөр зүйлд өөрийгөө сорьж байна.  Зөвхөн балетын урлаг гэж туйлшрахгүй. Балетын урлагаас олж авсан зуршил, хандлага, зарчимдаа тулгуурлан өөр салбарт сорьж үзэхийг бодож байгаа. Гэхдээ цаашид илүү их хичээж Балетын урлагаар дэлхийн тайзан дээр Монгол улсынхаа нэрийг өргөхийг хичээнэ.


Чинбатын Дүүрэнжаргал нь Хөгжим бүжгийн коллежийг 2013 онд төгссөн. Түүнээс хойш Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт балетын жүжигчнээр ажиллаж байгаа залуу авьяаслаг уран бүтээлч юм.  Мөн  НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн бөгөөд эерэг зөв дадлыг түгээх зорилготой “Эртэч Монгол” хөтөлбөрийн гишүүн юм.


Тэрбээр  “Хүн дуртай зүйлээрээ тууштай хичээллэдэг юм шиг санагддаг.  Бага байхдаа би балетын тоглолт зурагтаар үзэх дуртай байсан юм. Үүнийг ээж маань анзаарч Хөгжим бүжгийн коллежид бүртгүүлсэн байх аа.  Сургуульдаа орсон эхний жил төсөөлж байсан шиг амархан байгаагүй. Хүүхэд болсон хойно дураараа аашилмаар санагддаг байсан ч  балет намайг дэгтэй, сахилга баттай, хөдөлмөрч байхыг шаардсан. Би энэ урлагт дуртай, хайртай учраас  илүү их цаг зав гаргаж сэтгэлээсээ бэлтгэлээ хийж байсан. Одоо ч гэсэн. Миний хамгийн хүч сорьсон тэмцээн бол 2016 онд БНСУ-ын IX Олон улсын бүжгийн фестиваль байсан. Тус тэмцээнээс 1 дүгээр шатнаасаа хасагдаж, тухайн үедээ би маш их шантарч, сэтгэлээр унасан. Дахин олон улсын тэмцээнд явахгүй гэж ч бодож байлаа. Гэхдээ би шантралгүй хичээсээр бэлтгэл сургуулилтаа базааж 2 жилийн дараа  эргэж очоод хүрэл медаль авсандаа баяртай байдаг” гэсэн юм.


Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын жүжигчин Чинбат овогтой Дүүрэнжаргал 2008-2015 онд Монгол Улсын Консерваторийг  "Балетын жүжигчин" мэргэжилээр төгссөн. 2016-2020 онд Соёл урлагийн их сургуулийг "Бүжиг найруулагч"-аар суралцаж төгссөн. Түүнчлэн 2013 болон 2015 онд тэрээр  "Колорадо Балет" -н зуны сургалт, 100 хувийн  тэтгэлэгтэй суралцсан. 2020 онд Дэйл Карнэгие -н “High Impact 2020” бүрэн тэтгэлэг хүртэж байжээ.


Түүний амжилтаас дурьдвал, 2019 онд Орос, Япон, Евразийн ОУ-н балетын тэмцээнд  Тусгай байр, Дипломант, 2019 Номадик бүжгийн VI-р уралдааны орчин үеийн бүжгийн төрөлд "Алтан медаль", 2019 онд Сөүлд зохион байгуулагдсан “The 12th Korea International Ballet Competition”-нд  III-р байр, хүрэл медаль, 2019 онд Бусанд зохион байгуулагдсан The 2nd Busan International Dance Competition балетын төрөлд, II-р байр, мөнгөн медаль, 2019 онд  БСШУЯамны "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдаж байжээ.


2016-2017 онд  "Ballet studio 22" Балетын багш, 2017-2018 "The Great Khan Theater" Балетын багш, 2019 оноос “Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгэмдээ эерэг сэтгэлгээний давалгаагаар нөлөөлөхөд хувь нэмэр оруулдаг. 2019 оноос НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо "United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP" гишүүнээр ажиллаж байна 


2013 онд ОХУ-ын Улан-Үдэд Залуу бүжигчдийн балетын наадам, 2017 онд Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр болон Номадик Балет Продакшн хамтран хэрэгжүүлсэн “Амьдралыг тэтгэгч Н2О” модерн балет, 2019 онд БНСУ-ын Илсан хотод Гуяан Арамнүри Арам театрын тайзнаа “The Wise” балетын компанитай хамтарсан "Жизель" балетад оролцож байсан. Мөн тэрээр 2019 онд ДБЭТеатрын тайзнаа “The Wise” балетын компанитай хамтарсан “The High Feeling” модерн бүжгийн тоглолтод оролцож байсан туршлагатай. 


Холбоотой мэдээ