Говь-Алтай аймаг дахь МСҮТ элсэлтээ цахимаар бүртгэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-08-14 16:27:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлээ цахимаар авч эхэлжээ.


Хагас зууны түүхтэй уг сургууль нь нэг ба 2,5 жилийн ангиудыг хичээллүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Нэг жилийн ангидаа мэргэжил, нас харгалзалгүйгээр элсэлт авч, мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй төгсгөдөг бол Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги төгссөн сурагчдыг 2,5 жилийн ангид суралцуулан бүрэн дунд боловсрол олгохоос гадна мэргэжил эзэмшүүлж зэрэг олгодог юм.

Мөн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг, дотуур байранд үнэ төлбөргүй амьдрах боломжийг бүрдүүлэн хоолны мөнгө сар бүр 90000 төгрөг олгодог байна. Түүнчлэн  мэргэжлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, стандартын дагуу тохижуулан, ерөнхий эрдэм, мэргэжлийн онолын кабинет, 15100ш номын фондтой, 100 уншигчийн суудалтай номын сан, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, урлаг танхимыг бүрэн тохижуулж сургалтын орчноо бүрдүүлжээ.

2020-2021 оны хичээлийн жилд нэг жилийн ангидаа барилгын засал-чимэглэл, үйлдвэрийн машин-тоног төхөөрөмжийн механик, үсчин, мэргэшсэн жолооч, худалдааны газрын үндсэн ажилтан /худалдагч/, хүнд машин механикийн оператор, хүнсний ногооны фермер мэргэжлүүдээр элсэлт авч байгаа гэнэ. Харин 2,5 жилийн ангидаа барилгын засал-чимэглэл, барилгын өрөг угсрагч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, тогооч, талх-нарийн боов үйлдвэрлэлтийн технологийн ажилтан, гоо засалч, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, авто машины засварчин, гагнуурчин, үсчин мэргэжлүүдээр элсэлтээ авч эхэлжээ


Холбоотой мэдээ