БНСУ-д халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-17 14:04:33

СӨҮЛ. /RG/. БНСУ-д олон өдөр дараалан огцом нэмэгдэж буй “COVID-19”-н халдварын тохиолдлуудын дийлэнх нь нийслэл хот орчимд бүртгэгджээ. Тийнхүү эрх баригчид халдварт өвчний дэгдэлтийн асуудалтай дахин тулгарчээ. БНСУ-ын Засгийн газар коронавирусний халдварын хоёр дахь давалгааг дахин дэгдээхгүйн тулд шуурхай арга хэмжээ авч, дүрэм журмыг зөрчсөн хүмүүсийг хатуу шийтгэхээ мэдэгджээ. Үүнээс гадна гадны иргэдээс халдвар илэрвэл төлбөртэй эмчилгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэв

БНСУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 197 тохиолдол шинээр илэрсний дийлэнх нь дотоодод халдварласан тохиолдлууд байжээ. Энэ нь ням гарагт илэрсэн тохиолдлуудаас цөөн хэдий ч халдварын шинээр илэрч буй тохиолдлын тоо огцом нэмэгдсээр байгаа нь тодорхой байна. Өнгөрсөн ням гарагт БНСУ-д сүүлийн таван сарын хугацаанд байгаагүй их тохиолдол буюу 279 тохиолдол шинээр илэрчээ. Долоо хоногийн өмнө БНСУ-д 20-40 орчим шинэ тохиолдол илэрч байсан бол сүүлийн долоо хоногт энэ тоо эрчимтэй нэмэгдсэн юм. 


Дахиад л нөгөө гайтай шүтлэг үү?

Хэдхэн сарын өмнө “Шинчонжи” сүмд “COVID-19”-н халдвар илэрсэн нь улс орон даяар халдварт өвчин дэгдэх шалтгаан болсон билээ. БНСУ-д үүсээд буй одоогийн нөхцөл байдлыг ажихад өнгөрснийг давтахаас зайлсхийхэд төвөгтэй байдалд байна.    


Тодруулбал, гол халдвар тараагчдын нэг нь дахин сүм болоод байгаа юм. Үүнээс гадна сүмийн удирдлага эрх баригчидтай хамтран ажиллаж, коронавирустэй тэмцэхэд бэлэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ удаад протестант урсгалын "Саран чеиль" сүмийн талаар яригдаж байна. 


Сүүлд мэдээлснээр, тус сүмд ирсэн болон тэдэнтэй ойр хавьталтай байсан хүмүүсийн 312-оос нь короварусний халдвар илэрчээ. Энэ нь маш өндөр үзүүлэлт юм. Тус сүмээс ирсэн хүмүүс дундаас Дэгу хотод халдвар илэрсэн тохиолдлууд ч байжээ. Энэ сүм халдварын тохиолдлын тоогоор “Шинчонжи” сүмийн араас бичигдэж байгаа бол Сөүл хотын Итаевон дүүргийн шөнийн цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоог давсан байна. 

Холбоотой мэдээ