Малид үймээн дэгдээсэн цэргүүд ерөнхийлөгчийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПРЕТОРИЯ. /Agence France-Presse/. Үймээн дэгдээсэн цэргийнхэн өчигдөр Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, Ерөнхий сайд Бубу Сиссе нарыг нийслэл Бамако хотод баривчилжээ. Энэ тухай үймээн дэгдээсэн цэргийнхний нэг нь мэдэгдсэнийг "Agence France-Presse" агентлаг иш татан мэдээлсэн байна.
Мягмар гарагт Бамако хотын ойролцоо Кати армийн баазад цэргүүд үймээн дэгдээжээ. Цэргүүд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд зэрэг сайд нараас гадна парламентын даргыг баривчилсан байна.
“Malijet” цахим хуудасны мэдээлснээр, үймээн гаргагчдыг Кати бааз дахь цэргийн сургуулийн захирал асан, хурандаа Садио Камара удирдаж байгаа аж. Үүнээс гадна Мали улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб үймээн дэгдээгчдийн хяналтанд байгаа бөгөөд тэд цэргийн дарга нарыг мөн баривчилжээ.
Малид цэргийн эргэлт болж буйг Европын холбоо зэмлэн буруушааж байгаа тухай Европын зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдэв. "Европын холбоо Мали дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэчнээн гүн гэдгээс үл хамааран хямралаас гарах шийдэл нь хэзээ ч цэргийн эргэлт байгаагүй. ЕХ Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгт бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Түүнчлэн ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч мэдэгдэхдээ, ЕХ үндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах аливаа оролдлогыг няцааж байна гэжээ.
Үүнээс гадна ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейтаг даруй суллахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Мали дахь цэргийнхэнд уриалжээ. Тэрбээр үймээн дэгдээсэн цэргийнхний үйлдэлд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.