УИХ дахь АН-ын бүлэг нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг тав хоногоор хойшлуулав.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуралдаанд танилцуулав. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 2020 оны дөвөрдүгээр сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг дөрөвдүгээр сарын 30-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.
УИХ-ын даргын 2020 оны 03 тоот захирамжаар ажлын багийг шинэчлэн байгуулснаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажиллан хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулжээ. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар хийжээ. Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгийн дэмжсэн 56 зарчмын зөрүүтэй болон найруулгын 4 багц саналын томъёоллоор санал хураалт явуулсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, реформ хийх 2020 оны намрын ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх саналыг илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авах хүсэлтээ танилцууллаа. Тус хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.