Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болох эхлэл тавигдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Ива Шустаакова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын талаас:
- Монгол Улсын ЗТХЯ, БНЧУ-ын Тээврийн яамны хооронд байгуулах “Олон улсын автотээврийн харилцааны тухай Чех, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн ажлыг түргэвчлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Улаанбаатарын шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа хуучин нисэх буудлыг засварын төв, сургалтын бааз, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг тусгай үүргийн нислэг хүлээн авах нөөц буудлын зориулалтаар ашиглахад БНЧУ-д иргэний нисэхийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, тус улсын мэргэжилтнүүдийг Монголд урьж сургалт зохион байгуулах сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
ЗТХ-ийн сайд Л.Халтар Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож, энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, зам, тээвэр гээд бүхий л салбарт амжилттай өргөжин, хөгжиж ирснийг цохон тэмдэглэв. Ойн жил Монгол Улсын иргэдийг тээвэрлэх Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн шууд нислэгийг анх удаа амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэв. Тус нислэгээр Чех болон Европын бусад орнуудаас ирсэн 249 иргэнийг татан авах үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн Элчин сайд болон ЭСЯ-ны ажилтнууд, БНЧУ-ын Засгийн газарт талархсанаа илэрхийлэв.
Монгол Улс, БНЧУ-ын хооронд шууд нислэг гүйцэтгэх тухай хэлэлцээрийг 2017 онд байгуулсан ч одоогоор албан ёсны шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа ба энэ удаагийн тусгай үүргийн нислэг нь цаашид тогтмол, шууд нислэгтэй болох эхлэл хэмээн үзэж буйгаа онцоллоо.
Элчин сайд И.Бродский, Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замын төслүүд, мөн агаарын тээврийн салбарт орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт дээр төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж, цогц байдлаар шийдвэрлэх боломжтойг онцоллоо. Мөн БНЧУ-д Монгол Улсын 10 мянган иргэн амьдардаг бөгөөд шууд нислэг үйлдэх нь нэн ач холбогдолтой болохыг тэмдэглэж, тус улс руу шууд нислэг үйлдэх эрх авсан "Изинис Эйрвэйз" компанийг нислэгээ эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлаар хангахад бэлэн байгаагаа илэрхийлэв.