Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ олон улсад танилцуулах цахим талбартай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-10 17:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийнхээ талаар олон улсад танилцуулах цахим талбартай болов. 

Гадаадын зах зээл судлаач, шинжээчдийн туслалцаатай, олон улсын жишигт нийцүүлэн хийсэн уг платформ "Монгол Брэнд" холбооны дэргэд төвлөрч байна. Үүгээр дотоодын бизнес эрхлэгчид дэлхийн зах зээлд нэвтрэх эхлэл тавигдаж байна гэдгийг тус холбооноос мэдээллээ. Хэрэв COVID-19"-ийн цар тахал олон улсад дэгдэж тархаагүй бол үүнээс илүү их зүйлийг хийх боломж байгааг Монгол Брэндийн холбооны удирдлага хэлж байна. 

Хамгийн гол нь Монгол Брэндийн холбооноос үүсгээд буй цахим талбараар дотоодын компани, ААН-үүд, ЖДҮ эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэгч нар өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй сурталчлах боломжтой аж. 

Тус холбоо экспортын чиглэлээр дотоодын ААН, үйлдвэрлэгчидээ дэмжих чиглэлээр байгуулагдан ажиллаж байна. Дээрх зорилгоор 2-3 жил гадаад, дотоодын зах зээлийн нөхцөл байдлыг судалжээ. Тодруулбал, БНХАУ, АНУ-ын дотоод, гадаад зах зээлийг судалж, энэ хүрээнд Ази, Америкийн Худалдаа, аж үйлдвэрийн Танхимтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, АНУ-аас зах зээл судлалын 3-4 эксперт шинжээчдийг урьж ажиллуулжээ. 

Тэд экспортоор ажиллах дотоодын ААН-үүдэд төслийн үнэлгээ хийн, зөвлөгөө өгч ажиллажээ. Эндээс АНУ-ын шинжээчид Монголын 10-аад компанийг сонгон мөн судалгаа хийснээр тухайн компаниуд өөрийн бизнесийн үйл ажиллагаа, экспортлох боломжтой бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн мэдээллээ олон улсын хэмжээнд бэлтгээд байгаа аж. 


Холбоотой мэдээ