Ногдол ашгийн мөнгийг лхагва гараг бүр шилжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-14 10:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг өнөөдрийн байдлаар нийтдээ 1.3 сая гаруй иргэнд хуваарилаад байна. 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн мэдээллээр "ЭТТ" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг эхний ээлжинд 857.4 мянган иргэнд арилжааны банкны дансаар нь шилжүүлсэн. Энэ нь үнэт цаасны компанид дансаа нээлгэж, түүнийгээ баталгаажуулан арилжааны банкны данстайгаа холбуулсан иргэд байв. 

Үүний дараа ногдол ашгийн мөнгөө И баримтын цэсийг ашиглан авах хүсэлтээ  зөвшөөрсөн 400 орчим мянган иргэний мөнгийг энэ сарын 9-нд шилжүүлснээр нийтдээ 1.3 сая иргэн ногдол ашгаа аваад байна. Үлдэж буй 1.2 гаруй сая иргэний 600 мянга нь үнэт цаасны дансаа нээлгэсэн ч банкны дансаа баталгаажуулаагүй иргэд байна. Мөн и баримтад бүртгэгдээгүй иргэд үлдэж байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийг үнэт цаасны дансаа нээлгэж арилжааны банкны данстайгаа тулган баталгаажуулахыг Монголын Хөрөнгийн бирж болон ҮЦТХТ-өөс сануулж байна. 

Учир нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) 7 хоног бүрийн лхагва гарагт шилжүүлж байна. Энэ ташрамд мэдээлэхэд ebarimt аппликейшн ашиглан "ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг хуваарилсан нь "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нэг удаа авч буй үйл ажиллагаа юм гэдгийг Монголын Хөрөнгийн бирж болон ҮЦТХТ-өөс мэдэгдэж байна. 


Холбоотой мэдээ