Элчин сайд Д.Даваа “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН-ийн удирдлагуудтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн бэлтгэлийг хангах хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тус услын “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН-ийн Нэгдүгээр орлогч дарга Г.С.Оганов тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 14-нд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын хүрээнд Г.С.Оганов “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хүрээнд монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, өөрийн компанийн нөөц, боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ.
Харин Элчин сайд Д.Даваа Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” НХН хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тодорхойлсон ажлуудыг урагшлуулах үүднээс авч хэрэгжүүлж байгаа ажлууд, эрх зүйн баримт бичиг байгуулах явцын талаар мэдээлэл өгчээ. Мөн “Красноярскгазпром нефтегазпроект” ХХН-ийн хамтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг холбогдох мэдээллийн хамт монголын талын ажлын баг, холбогдох байгууллагуудад цааш уламжлахаа илэрхийлсэн байна.