Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ МОНЦАМЭ агентлагийн ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-15 17:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ажилтай өнөөдөр танилцаж, ажилтан, албан хаагчдын санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонслоо.


Уулзалтын эхэнд, МОНЦАМЭ агентлагийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг, 99 жилийн түүхтэй төрийн  мэдээллийн агентлагийн ажилтай танилцахаар хүрэлцэн ирсэнд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлэв.


Мөн тэрээр, МОНЦАМЭ агентлаг нь 99 жилийн түүхтэй, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, өдөр тутамд болж бyй үйл явдлыг мэдээлж, гадаадад сурталчилдаг байгууллага гэдгийг танилцуулав. Өнөөдрийн байдлаар, тус агентлаг англи, хятад, орос, япон хэлээр сонин, сэтгүүл, цахим хуудсыг эрхлэн гаргахаас гадна монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүмүүн бичиг” сониныг гаргаж байгаа юм.


МОНЦАМЭ агентлаг нь Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай, 108 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Мөн Reuters, VOA, ТАСС, Xinhua, Kyodo news, Nikkei, Yonhap, Anadolu, Russia Today, KCNA зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 20 гаруй мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээтэй, мэдээ мэдээллийг нь албан ёсны эрхтэйгээр дотоодын уншигчиддаа хүргэж байна. Түүнчлэн Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын /OAНA/ гишүүнээр 1981 онд элсэж, 35 орны 44 мэдээллийн агентлагт Монгол Улсын талаар мэдээ, мэдээлэл дамжуулж байна.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Би өнгөрсөн жил МОНЦАМЭ агентлагийн ажилтай танилцаж байсан. Тухайн үед агентлагийн ажилтан албан хаагчид төсөв, тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай байгаагаа хэлж байсан. Тиймээс Засгийн газраас тус агентлагийн өмнө тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэж байгаа. Цаашид Монгол Улсын тухай, Засгийн газрын бодлого шийдвэрийг олон улсад сурталчлан таниулахад МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллах болно” хэмээв.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ