Залуу малчдын тулгамдсан бэрхшээл нь 6 настай хүүхэд гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 11:42:10

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Ноос ирээдүй” ХХК хамтран “Залуу малчдын аймгийн зөвлөлгөөн”-ийг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд 18-30 насны 200 гаруй малчид оролцож, аймгаас малчдын талаар баримталж буй бодлого, чиглэлийн талаар сонсон санал бодлоо илэрхийллээ. Аймгийн зүгээс малчдын залгамж, халааг бэлдэхэд ихээхэн анхаарч, “Залуу малчдыг дэмжих аймгийн хөтөлбөр”-ийг боловсруулсан бөгөөд малчдын сургалт, зөвлөлгөөнийг удаа дараа зохион байгуулж, “Өвөрхангай аймгийн манлай малчид”, “Малч удмын ухааныг өвлөхүй” номыг хэвлүүлэн залуу малчдад гарын авлага болгоод байна.

Мөн залуу малчдыг малжуулах, тэднийг туслах малчнаар гэрээ байгуулан тогтвортой ажилласан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх зэрэг олон ажил зохион байгуулжээ.

Харин залуу малчдын өмнө тулгамдаад буй гол бэрхшээл бол хүүхдийг 6 настайд нь сургуульд оруулах явдал гэж байлаа. Айл орон болоод дөнгөж хөлөө олж байтал хүүхдээ сургуульд суулгах нэрийн дор хоёр талд амьдрах болж, хүч, хөрөнгө мөнгөний хувьд дахин тарамдаж эхэлдэг гэж байна.

Зөвлөлгөөнөөр Мал эмнэлгийн мэргэжилтнүүд малын эм, туулгын талаар мэдээлэл өгсөн бол "Монгол хүн" ТББ-ын лектор н.Отгонбаатар болон аймгийн ЗДТГ-ын Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтнүүд лекц уншлаа. Малчид зөвлөлгөөний дараа "Ноос ирээдүй" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ