Сан-Паулуд хүүхдүүдийн 18 хувь нь халдвар авчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-18 13:54:50

БРАЗИЛИА. /NHK/. Бразилын хамгийн том хот болох Сан-Паулуд хүүхдүүдийн 18 гаруй хувь нь коронавирусээр халдварласан байна гэж тус хотын эрх баригчид мэдээлжээ.


Сан-Паулу хотод энэ сарын эхээр сургуульд явдаг, 4-14 насны 2000 хүүхдэд цусны шинжилгээ хийхэд тэдний 18.4 хувь нь халдвар авсан юм уу халдвар авч байсан болох нь тогтоогдсон байна.


Эрх баригчдын мэдээлснээр, халдвар авсан хүүхдүүдийн 66 хувьд халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илрээгүй байна. Мөн ядуурал газар авсан бүсийн сургуулиудын сурагчдын дунд халдвар илүү тархсан байжээ.


Сан-Паулу хотын удирдлагууд сургуулиудын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сарын дундуур зогсоосон бөгөөд ирэх сараас нээхээр төлөвлөж байсан боловч 11 дүгээр сар юм уу түүнээс хойш хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.


Бразилд халдварын 4.4 сая тохиолдол илэрсэн нь дэлхийд гуравдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Хэдийгээр тус улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа боловч 30-40 мянган тохиолдол шинээр илэрсээр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ