Улиастайд автобусны буудлуудыг тохижуулжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 14:22:07

Завханы Улиастай хотод өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байна.

Энэ нь иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлыг хэмнэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд аймгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд захын хорооллын иргэдэд хүрч буй үйлчилгээ юм. Мөн Улиастай сумд “Автобус” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ хүрээнд Улиастай сумын ЗДТГ найман автобусыг дөрвөн чиглэлд явуулж байгаа бөгөөд автобус бүрт байршлыг хянах GPS төхөөрөмж суурилуулж, автобусны буудлуудыг шинэчлэн сайжруулах ажил хийгдээд байна.

Мөн буудал бүрт гэрэлт самбарт автобусны явах чиглэл, цагийн хуваарийг байршуулж банкны АТМ-ийг байрлуулж, зундаа сэрүүнээр, өвөлдөө халуунаар үлээдэг тохь тухтай автобусны буудалтай болжээ. Иргэд ч шугамын автобусаар үйлчлүүлэх нь олширсон байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ