Хөвсгөл аймагт спортын удирдах ажилтны семинар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-26 09:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баасан, бямба гарагт /2020.09.25-26/ Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалт-семинарыг зохион байгуулж байна.


Энэхүү сургалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монголын спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж нар оролцож байгаа талаар МҮОХ-ноос мэдээлсэн юм.


Сургалт семинарын зорилго нь өсвөр үеийнхэнд бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, тэдэнд олимпын боловсрол эзэмшүүлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.


Тус сургалтыг нээж Н.Түвшинбаяр үг хэлж, сургалтад хамрагдаж буй нийт гишүүнд баяр хүргэж, цаашдын олимпизмыг сурталчлах ажилд нь амжилт хүслээ.



Мөн Ч.Зоригтбаатар Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжлийн тулгамдсан асуудлууд сэдвээр илтгэл тавьсан бол докторант Ц.Бат-Энх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Олон улсын залуучуудын Ногоон наадам-2021”-ийн танилцуулга, МУБИС-ийн Биеийн тамир, спортын онол арга зүйн тэнхимийн багш Б.Нармандах “Сурагчдын бие бялдарын чанаруудыг хөгжүүлэх ба хөдөлгөөний чадвар, дадалд сургах сэдвээр илтгэл тавьсан байна.

Холбоотой мэдээ