Хятадын аялал жуулчлалын компаниудын 75 хувь нь үйл ажиллагаагаа сэргээжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-29 10:52:32

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын аялал жуулчлалын компаниудын 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа сэргээж, багийн аялал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувьд хүрээд байна.

Тодруулбал, энэ оны 9-р сарын 20-ны өдрийн байдлаар Хятад улсын 29 694 аялал жуулчлалын компани үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа бөгөөд эдгээр нь нийт аж ахуйн нэгжийн 75.7 хувийг эзэлж байгаа талаар тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Мөн онлайн аялал жуулчлалын салбар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 40 орчим хувьтай, одны зэрэглэлтэй зочид буудлуудын үйл ажиллагаа 91 хувьтай тус тус сэргээд байна.

Соёлын салбарын хувьд одоогоор 790 театрын /36.5 хувь/, 47 600 дуу бүжгийн газар /93.2 хувь/, 4900 тоглоом, цэнгээний газруудын /31.7 хувь/ үйл ажиллагааг сэргээгээд байна.

Түүнчлэн оны эхний хагас жилд Хятадад онлайн соёл урлагийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн орлого 42.73 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 34 хувиар, онлайн дуу хөгжмийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн орлого 8.75 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар тус тус өсжээ.   

Холбоотой мэдээ