Шаардлага хангасан сүү нийлүүлбэл урамшуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг батлав.
Сүүний урамшууллыг татварын цахим төлбөрийн баримтын системийг түшиглэн 2020 оны 11, 12 дугаар сард олгож эхлэх бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Ингэснээр өвлийн улиралд сүү нийлүүлэх хэмжээ нэмэгдэж, бэлтгэн нийлүүлэх оновчтой тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бий болно гэж тооцоолжээ.
Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех, хөргөлтийн 77 төв ажилладаг бөгөөд 1680 хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ салбар жилдээ 470 мянга гаруй тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч 35 хувийг нь л ашигладаг. Энэ нь сүү бэлтгэл улирлын хамааралтай ч нөгөө талаас бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой. Өвлийн улиралд хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад 27 сая литр сүү шаардлагатай ч 16.8 сая литрийг л нийлүүлж байгаа юм.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ:
- Монгол Улсын 2021 оны төсөв, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэв.
- Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов. Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна.