Хонконгт хүчирхийлэлд уриалсан гурван хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 10:52:19

ХОНКОНГ /СЯНГАН/. /South China Morning Post/. Үндэсний баярын өдөр хүчирхийлэл үйлдэхийг уриалсан гурван хүнийг Хонконгийн цагдаа нар баривчилжээ. Тэдний дунд хоёр оюутан байсан аж.


Идэвхтнүүд гудамжинд гарч, зам хааж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу халдахыг интернет орчинд уриалжээ.


Хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг террорист үйл ажиллагаа гэж үзэх боломжтой бөгөөд тэд Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг зөрчиж магадгүй гэдгийг Хятадын төв Засгийн газрын хэрэг эрхлэх газар онцолж, тэднээс сэрэмжлэхийг анхааруулжээ.


Зөвшөөрөлгүйгээр засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж магадгүй гэж үзэж, цагдаа нар 6 мянган ажилтныг Үндэсний баярын өдөр дайчлах юм. Коронавирусний халдварт өвчин тархах аюултай гэсэн шалтгаанаар өмнө нь эрх баригчид сөрөг хүчнийхний томоохон жагсаал цуглаан хийх хүсэлтийг хүлээж аваагүй. Гэсэн хэдий ч идэвхтнүүд хар хувцастай гудамжинд гарч, зам хаах, эмх замбараагүй байдал үүсгэхийг интернет орчинд уриалаад байгаа аж.


Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх боломж олгох хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, эмх замбараагүй байдал дагуулсан билээ. Хэдийгээр төслийг Хууль тогтоох зөвлөлөөс албан ёсоор эргүүлэн татсан ч сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаал 11 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилж, зам хаах, галдан шатаах, эвдэн сүйтгэх зэрэг эмх замбараагүй байдал үүссэн юм.  


Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо энэ оны 6 дугаар сарын 30-нд Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсан юм. Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалт оруулжээ.

Холбоотой мэдээ