ЕХ Лукашенког хоригийн жагсаалтад оруулсангүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-02 09:43:18

БРЮССЕЛЬ. /TASS/. Беларусийн “сонгуулийг луйвардсан, хүний эрхийг зөрчсөнийхөө төлөө” хариуцлага хүлээх ёстой гэж  үзэж байгаа хүмүүсийн жагсаалтдаа Европын Холбоо /ЕХ/ тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког оруулаагүй байна. Энэ тухай Европын зөвлөлийн дарга Шарль Мишель мэдээлжээ.


ЕХ-ны орнуудын удирдагчид 10 дугаар сарын 2-ноос эхлэн Беларусийн эрх баригчдад хориг арга хэмжээ авахаар тохиролцсон гэж өмнө нь мэдээлсэн юм. Хориг арга хэмжээнд Беларусийн 40 орчим албан тушаалтан өртөнө.


Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ зуучлалтайгаар сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ эхлүүлэх, улс төрийн хоригдлуудыг суллах Брюсселийн шаардлагыг биелүүлэхэд нөлөөлж магадгүй учир ЕХ Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон түүнийг хоригийн жагсаалтад оруулаагүйтэй холбогдуулан мэдэгджээ.


Есдүгээр сарын сүүлчээр ЕХ-ны орнуудын Гадаад хэргийн яамд Беларусьтай холбоотой хоригийн жагсаалтын талаар тохиролцож чадаагүй юм. Энэ нь Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт байгалийн хий олборлох Анкарагийн төлөвлөгөөтэй холбогдуулан Туркийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээг хамтад нь авахыг зорьж байсан Киприйн ба эрх баригчдын байр суурьтай холбоотой байв.


Наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг эсэргүүцсэн жагсаал Беларусьт хоёр сар үргэлжилж байгаа юм. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, энэ удаагийн сонгуульд Лукашенко 80 хувийн санал авч, зургаа дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Холбоотой мэдээ