Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2020-10-02 11:37:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч,  хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Гандийн мэндэлсний 151 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ-наас Улаанбаатар хот дахь  Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.

 

Цэцэг өргөх ёслолд оролцогчид дэлхийн энхтайвны төлөө нэг минут дуугаа хураан, буддын шашны лам хуврагууд залбирал уншсанаар эхэлсэн юм.

 

Цэцэг өргөх ёслолыг Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нээж хэлэхдээ, “Дэлхийн энхтайвны элч, хүч үл хэрэглэх зарчмыг эрхэмлэгч Махамта Ганди буддын болон хинди шашны сургаалыг амьдралдаа хэрэгжүүлж өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж ирсэн юм. Түүний философи нь маш энгийн, хүн төрөлхтөн мөр зэрэгцэн эвтэй амьдрах сургаал юм. Энэхүү сургаалыг бид өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой” хэмээв.

 

Өнгөрсөн жил Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ манай улсад олон ажил зохион байгуулжээ. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 2-ноос эхлэн МУИС-ийн Сатыаваарта хурал, Махатма Гандийн дуртай дууг МУГЖ Т.Ариунаа дуулж олонд хүргэсэн бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд түүний дурсгалд зориулан 150 мод тарьжээ. Мөн Монгол, Энэтхэгийн Засгийн газар хамтран шуудангийн марк гаргасан байна.

 

Түүнчлэн Монгол, Энэтхэгийн Засгийн газар хамтран Махатма Гандийн дурсгалд зориулан Монголбанктай хамтран алт, мөнгөн зоос гаргаж байна.  Уг зоосны нээлт ГХЯ-нд өнөөдөр болно.

 

Цэцэг өргөх ёслолд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Бэтүб хийдийн хамба лам Д.Дашдэмбэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, НЗДТГ-ын удирдлагууд болон Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн оюутнууд, Монгол Улсад суугаа Энэтхэг улсын иргэд оролцов. Зочид төлөөлөгчид Махатма Гандийн хөшөөний өлмийд энэтхэг заншлаар цэцгийн дэлбээ цацсан юм.

 

Махатма Гандийн энхтайван, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл, эсэргүүцэл, үзэл санааг сая сая энэтхэгчүүд хүлээн авч дэмжсэнээр Энэтхэг улс дэлхийн II дайны дараа бие даасан улс болсон билээ. НҮБ 2007 онд түүний төрсөн өдөр 10 дугаар сарын 2-ны өдрийг “Олон улсын хүч үл хэрэглэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш Энэтхэгийн ард түмэн түүний мэндэлсэн өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгож, түүний номлол сургаалыг залуу үедээ таниулахыг зорьж ирсэн юм.

 

Эл өдөр Энэтхэг улсад Махатма Гандийн дурсгалд зориулан хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ном хурснаар баярын өдөр эхэлдэг байна. Энэхүү ёслолд тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон жирийн иргэд, улс төрийн бүх гишүүн оролцдог заншилтай аж. Энэ өдрийг дэлхийн 192 оронд зэрэг тэмдэглэдэг аж.

 

Харин манай улсад 2007 онд түүнд зориулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Махатма Гандийн хөшөө босгосон. Энэ нь манай улсын түүх соёлын үл хөдлөх дурсгалд тооцогддог юм.


 Гэрэл зургийг Б.Чадраабал


 


Холбоотой мэдээ