Үндэсний хувьчлалын сан үйл ажиллагаагаа эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-05 13:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр Үндэсний хувьчлалын сангийн үйл ажиллагааг албан ёсоор нээв. Албан ёсоор гэдэг нь тус санг 2019 онд байгуулж өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааг жигдрүүлэх бэлтгэлийг хангаж, өнөөдөр ийнхүү бирж дээр цан цохин нээж байна. 

Тус сан нь Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан юм. Тодруулбал, Үндэсний хувьчлалын сан нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилах зорилготой ажиллах юм. 

Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай сангийн нээлт дээр хэлэхдээ, "Манай улсын хөрөнгийн зах зээл өнгөрсөн 30 жилд хувьцаа, бонд гэсэн хоёрхон төрлийн бүтээгдэхүүнтэй явж ирсэн. Тэгвэл өнөөдөр хөрөнгийн зах зээлд анх удаа хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг олон нийтэд санал болгож буй түүхэн үйл явдал тохиож буй"-г онцоллоо. 

Тэрээр, "Иргэд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулснаар эрсдлээ тараан байршуулах, мэргэжлийн удирдлагаар хангагдах зэрэг олон давуу тал үүсэх юм. Нэгж эрхээ олон нийтэд анхлан санал болгож буй энэ сангийн араас олон шинэ хөрөнгө оруулалтын сан нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг улам идэвхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв. 


Хөрөнгө оруулагчид өөрсдийн харилцдаг үнэт цаасны компаниараа дамжуулан Монголын Хөрөнгийн бирж дээрээс тус сангийн нэгж эрхийг худалдан авах боломжтой. Сангийн нэгж эрх нь тус бүр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй. 50 сая ширхэг нэгж эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг буюу 47 сая 500 мянган ширхэг нэгж эрхийг олон нийтэд санал болгож байна. 


Ашиг орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах зорилготой, өндөр өгөөж бүхий санхүүгийн хэрэгслийг эрэлхийлж, хөрөнгө мөнгөө өсгөхийг хүсдэг хүн бүрт тохиромжтой бүтээгдэхүүн ийнхүү манай улсад бий боллоо. 


Хувьцаа, бонд зэрэг хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн нь санхүүгийн бусад хэрэгсэлтэй харьцуулахад өндөр өгөөжтэй байдаг. Үүнийг тодорхой жишээгээр тодруулж хэлбэл, Монголын хөрөнгийн зах зээлийн хувьцааны ханшийн өсөлт, бууралтыг харуулдаг ТОП-20 индекс сүүлийн 15 жилд дунджаар жилийн 54.3 хувиар өсөөд байна. Энэ нь хөрөнгийн зах зээлд жилд 54.3 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломж байгааг харуулж байна. Харин тухайн хугацаан дахь хадгаламжийн жилийн жигнэсэн дундаж хүү 12.5 хувь байгаа юм.


Холбоотой мэдээ