Киргизийн төрийн эрх мэдлийг булаан авахыг оролдсон гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-06 16:04:13

БИШКЕК. /TASS/. Өнгөрсөн шөнө Киргизийн улс төрийн зарим хүчнүүд парламентын сонгуулийн дүнг ашиглан төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон гэж тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.  


“Улс төрийн зарим хүчнүүд өнгөрсөн шөнө төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдлаа. Тэд сонгуулийн дүнг шалтаг болгон ашиглаж, нийтийн хэв журмыг зөрчсөн. Тэд эмх журам сахиулагчдын шаардлагыг дагалгүй барилга байгууламжийг сүйтгэж, эмч нарыг зодсон. Иргэдийнхээ амь насанд аюул учруулахгүйн тулд би хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад гал нээхгүй байхыг, цус урсгахгүй байхыг тушаасан" гэж Жээнбеков онцлон тэмдэглэсэн байна.


Улс орны удирдлага энэ нөхцөл байдалд "байдлыг хурцатгахгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан" гэж Киргизийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.


Жээнбеков улс төрийн намуудын удирдагчдад хандан дэмжигчдээ тайвшруулж, улс орны нөхцөл байдлыг улам хурцатгахгүй байхыг уриалав.


Тэрбээр Киргизэд аравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулийн үеэр гарсан "зөрчлийг нарийвчлан шалгаж", "шаардлагатай бол сонгуулийн дүнг цуцлахыг" Сонгуулийн төв хороонд санал болгосноо мэдэгджээ.


Аравдугаар сарын 5-ны даваа гарагт Киргизийн парламентын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсны дараа тус улсын нийслэл Бишкек хотод мөргөлдөөн эхэлсэн байна. Улс төрийн хэд хэдэн нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Жагсагчид санал хураалтын дүнг хүчингүй болгож, дахин сонгууль зарлахыг шаардсан байна.

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд ус шүршигч машин, нулимс асгаруулагч хий, дуу чимээ гаргадаг гранат ашиглажээ. Киргизийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр хэдэн зуун хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан байна.


Киргизийн Ерөнхийлөгч парламентын сонгуульд оролцсон улс төрийн намуудын дарга нартай өнөөдөр уулзахаар болжээ.


Холбоотой мэдээ