Монголд үзүүлэх тусламжийн хэмжээгээ 11 сая ам.доллар болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-07 17:21:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хэмжээгээ 11 сая ам.доллар болгохоор шийдвэрлэснийг Европын Холбооны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.И.Юкос өнөөдөр “Блю скай” зочид буудалд болсон Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Энэхүү тусламж цар тахлаас үүдэж жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгарсан эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэрхшээлийг даван туулахад зориулагдаж байгаа аж. Түүнчлэн, өнгөрсөн 5 дугаар сард Сангийн яамтай гэрээ үзэглэж, ирэх 4 жилд 50,8 сая евро олгохоор шийдвэрлэсэн. Ирэх долоо хоногт эхний 16 сая еврог шилжүүлэхэд бэлэн гэдгийг тэрбээр дуулгасан юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг, дунд бизнесийн хөгжлийг дэмжих баг хамтран дээрх зөвлөгөөнийг Европын холбооны “Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмж, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах, стратеги болон санхүү, хүний нөөцийн менежмент, мэдээлэл технологи болон цахимжуулалтын ач холбогдлын тухай ярилцав. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 200 төлөөлөгч оролцож төсөл хөтөлбөрөөс зөвлөх үйлчилгээг хэрхэн хүртэх боломжийн талаар мэдээлэл авлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд нэг төвтэй хотоос таван дэд төвийг дарааллаар нь хөгжүүлэхээр тусгаж, Баянхошуу, Сэлбэ төвийн бүтээн байгуулалт ид өрнөж байгаа. Үүнийг дагаад дэд бүтэц хөгжиж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний салбарт ажлын байр нэмэгдэнэ. Худалдаа, үйлчилгээний салбар тусгай хуульгүй явж ирсэн. Шинэ төрөл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлага зүй ёсоор тулгарч байгаа”-г зөвлөгөөний үеэр тэмдэглэв.

Нийслэл Улаанбаатарт Монгол Улсын нийт хүн амын 45,6 хувь буюу 1,4 сая хүн амьдран, улсын хэмжээнд бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь төвлөрч, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 60 гаруй мянган цэгт үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээний борлуулалтын 90 орчим, ДНБ-ний 17,3 хувийг бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт эзэлж байна. 

Холбоотой мэдээ