ОСНААҮ-ний ажилтны өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-07 17:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” өдөрлөг энэ сарын 9-нд Сүхбаатарын талбайд болно.


Тус өдөрлөгийг Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбарын 89 жилийн ойг угтан Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах “Хэрэглэгчээ дээдэлье” уриатайгаар зохион байгуулна.


БХБЯ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран хийх өдөрлөгийн үеэр нийтийн аж ахуйн үйлчилгээтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал зөвлөгөөг сонсох, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох юм.


Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, Бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээний компани болон орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага зэрэг 100 гаруй байгууллага өдөрлөгт оролцоно. 

Холбоотой мэдээ