Д.Трамп саналаа урьдчилан өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-25 10:26:53

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида муж улсын Палм-Бич хотод бямба гарагт саналаа урьдчилан өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын сүүлийн долоо хоног эхэлж буй энэ үед Америкийн олон арван сая иргэн саналаа ийнхүү урьдчилж өгөөд байгаа юм.


Д.Трамп саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд, “Би Трамп нэртэй залуугийн төлөө саналаа өглөө” хэмээн хэлээд, саналаа өөрийн биеэр ирж өгөх нь цахим шуудангаар өгөхөөс илүү аюулгүй гэх үндэслэлгүй үзэл бодлоо дахин илэрхийлсэн байна. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор энэ онд олон муж улсад цахим шуудангаар санал өгөх боломжийг өргөжүүлжээ.


“Ирэх 11 дүгээр сарын 3-ны сонгууль болоход 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар Америкийн 56 сая гаруй иргэн урьдчилан саналаа өгснөөс 38.6 сая хүн цахим шуудангаар, 17.5 сая хүн биечлэн өгсөн” гэж “US Election Project” цахим хуудсанд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ