Халамжийн цахим үйлчилгээ бүрэн нэвтэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-26 11:58:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулахаар тусгасан. Ингэхдээ иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд улсын хэмжээнд "И-халамж.мн" сайтаар халамжийн цахим үйлчилгээ нэвтэрч эхэллээ. 

Тодруулбал, Говь-Сүмбэр аймагт гэхэд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар аймгийнхаа халамжийн үйлчилгээ авдаг иргэдийг 99.9 хувь цахим данстай болгоод байна. Тус аймагт эхний ээлжинд 6 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн 2000 гаруй иргэнийг хамруулжээ. Энд ахмад настны "Насны хишиг", жирэмсэн эхчүүд болон 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй иргэдийн болон ихэр хүүхдүүдийн тэтгэмж, өрх толгойлсон иргэдийн болон одонтой ээжүүдийн тэтгэмжийг цахимжуулжээ. 

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан цахим үйлчилгээг сайн сурталчилж, мөн халамжийн үйлчилгээг и-баримттай холбож өгөх зэргээр идэвхтэй ажилласны үр дүнд халамжийн дээрх 6 үйлчилгээг авах иргэд бүрэн хамрагджээ. Ингэснээр иргэд үйлчилгээнд цаг хэмнэхээс гадна аль ч шатанд үйлчилгээгээ хянах боломжтой болж байна. Иргэд халамжийн үйлчилгээг авахдаа:

  • "И-халамж.мн" сайтад хандан орох, 
  • гар утасны И-баримт аппликейшны ашиглан хүсэлт гаргах,
  • интернэт орчингүй иргэд халамж, үйлчилгээний газар ирж хурууны хээгээ уншуулан бүртгүүлэх,
  • Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас мэдээллээ оруулах замаар халамжийн үйлчилгээгээ 4 аргаар авч болох юм.



Холбоотой мэдээ