Буурцагт ургамал тариалснаар химийн бордоогүйгээр хөрсний шим тэжээлийг сэргээх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 15:01:41

Ховд аймаг дахь Алтан гадас одонт Хөгжил Политехник коллежийн Газар тариалангийн багш, Хөдөө аж ахуйн ухааны доктор(Ph.D) Мөнхөөгийн Мөнхжаргал “Монгол орны Алтайн бүсийн нөхцөлд шар буурцгийн сорт, агротехникийг судалсан дүн“ сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Энэ тухай түүнтэй ярилцлаа.

Хөдөө аж ахуйн ухааны доктор(Ph.D) Мөнхөөгийн Мөнхжаргал Монгол орны Алтайн бүсийн хөрс цаг уурын нөхцөлд тохирох шар буурцгийн сортыг шалгаруулж тарих, тохиромжтой цаг хугацаа, үрийн нормыг тогтоож, усалгаа бордооны нөлөөг илрүүлж, тариалах технелогийг нэвтрүүлсэн юм.

-Та газар тариалангийн салбараас докторын зэрэг хамгаалсанд танд баяр хүргэе. Та ямар сэдвээр хаана докторын зэргээ хамгаалсан бэ ?

-Баярлалаа. Би  энэ оны  03 дугаар  04-ний өдөр Ургамлын аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ХАА-н ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл дээр “Монгол орны Алтайн бүсийн нөхцөлд шар буурцгийн сорт, агротехникийг судалсан дүн “ сэдвээр докторын зэрэг хамгааллаа. Энэ завшааныг ашиглан судалгааны ажил хийж эхэлсэн цагаас хойш надтай хамт ажилласан удирдагч ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ургамал хамгаалалын тэнхимийн багш  Доктор, профессор Л.Батмөнх, Доктор, дэд профессор О.Мөнхжаргал нартаа баярлалаа. Энэ судалгааг хийхэд хамтарч мэргэжлийн тусалцаа үзүүлж байсан Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирал Д.Баярмаа, захирал асан доктор (Ph.D) Б.Бадрах, Политехник коллежийн Газар тариалангийн багш Н.Батжаргал, Д.Энхгэрэл, Т.Оюунбилэг ногоочин, Угтаабаяр, Цэнд-Аюуш, Хуан дэмжиж зөвлөж байсан эрдэмтэн багш нартаа, тэнхимийн хамт олондоо, найз нөхдөдөө, Эхнэр Д.Болормаа, Хүү М.Мөнх-Өсөх, Аав ээж, ах дүү, хамаатан садан нартаа бүгдэд нь  баярласнаа илэрхийлье. Докторын судалгааны ажил хийж, хамгаалах гэдэг бол багийн болон юм хийе гэсэн эрмэлзэлтэй хүн л хийдэг ажил юм байна гэдгийг ойлгож авлаа.

-Та  шар буурцагны талаар судалгаагаа хэзээнээс хийж эхэлсэн вэ?

-Судалгааны ажлыг оюутан байхаас эхэлж хийсэндээ.  2012 онд багш нартайгаа хамтран Арга зүйгээ батлуулан судалгаагаа хийж эхэлсэн. Баруун бүсийн нөхцөлд буурцагтан ургамал тариалах зорилготой, судалгааны сэдэвтэй холбоотой анхны өгүүлэл 2012 онд хэвлэгдэж байсан. Түүнээс хойш үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэд хэдэн удаа илтгэж, судалгааны гол үр дүнг үндэсний болон олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн.

-Таны судалгааны гол зорилго юу байв ?

-Монгол орны Алтайн бүсийн  хөрс, цаг уурын нөхцөлд зохицон ургаж арвин ургац өгөх шар буурцгийн сортыг шалгаруулах, тэдгээрийг тарих агротехникийн зарим аргыг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршиж байсан.Зорилгодоо хүрэхийн тулд хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Үүнд:

Шар буурцгийн өсөлт, хөгжилтийг  сорт тус бүрээр нь харьцуулан судлах
Шар буурцгийн сортуудын биометрийн үзүүлэлтэнд тарих хугацаа, үрийн нормын нөлөөг судлах
Шар буурцгийн сортуудын ургац, түүний бүтцийн үзүүлэлтэнд тарих хугацаа, үрийн нормын нөлөөг судлах
Сортуудын уураг, тосны найрлагыг тогтоох
Шар буурцгийн өсөлт, хөгжилт, ургац, түүний бүтцийн үзүүлэлтэнд  усалгаа, бордооны нөлөөг илрүүлэх зэрэг болно.
Таны судалгааны ажил хийсэн шар буурцаг ямао  гол ач холбогдолтой ургамал вэ?

Шар буурцаг нь хүнсний, техникийн, тэжээлийн гэсэн үндсэн зориулалттай таримал ургамал юм. Дунджаар 100 хоногт шар буурцаг шиг их уураг (36-48 хувь), тос(17-26 хувь), нүүрс ус(20хувь) нэгэн зэрэг өгдөг ургамал дэлхий дээр хаана ч байхгүй.

Бас боловсруулагдсан бүтээгдэхүүнийхээ тоогоор  (400 гаруй) түүнтэй ганц ч таримал ургамал өрсөлдөхгүй гэдэгт шар буурцагны ач холбогдол оршино. Шар буурцгийн үрийг бяслаг(дүпү), жан, ургамлын дээд зэргийн тос, төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, кофе, какао, шоколад, маргарин, глицерин, лак, олиф, хуванцар эдлэл, шалны хулдаас тэсрэмтгий бодис, ус нэвтэрдэггүй даавуу, саван, эмчилгээний хоол, эм бэлдмэлүүд гэх мэт хүнсний болоод техникийн боловсруулалттай 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг.

Шар буурцагт ургамлын үндэснь хөрсөнд гүн нэвтэрч хөрсийг нитратын азотоор баяжуулахын зэрэгцээ ургамалд ашиглагдахгүй хэлбэрт байгаа шим тэжээлийн зарим бодисыг ашиглагдах хэлбэрт шилжүүлдэг онцгой чадвартайгаас гадна хөрсөнд органик бодисыг хуримтлуулаад зогсохгүй, шим тэжээлийн хангамжийг сайжруулдаг агротехникийн болон стратегийн чухал ач холбогдолтой таримал юм.

-Та Докторын зэрэг хамгаалсан сэдвээ ажил хэрэг болгохоор төлөвлөсөн зүйл бий юу?

-Шар буурцгийг цаашид тариллах шаардлага их байна. Ховд аймгийн хэмжээнд хөрсний элэгдэлд 60 хувь элэгдэлд орсон судалгааны дүн байдаг. Шар буурцаг болон буурцагт ургамал тариалснаар химийн бордоо хэрэглэхгүйгээр хөрсний шим тэжээлийг нөхөн сэргээх, сэлгээ хийж тариалах боломжтой. Энэ буурцагт ургамал тариалж сэлгээ хэрэглэвэл Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн гаргах боломжтой. Өөрийн хийсэн бүтээлээрээ ном гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ бүтээл маань баруун бүсдээ буурцагт ургамлыг тариалах талаар бүрэн шийдвэрлэнэ гэсэн үг юм.

                                  А.Бямбасүрэн  

 

Холбоотой мэдээ