Т.Гантөмөр: Нийслэлд 68 худалдааны төв хэвийн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-12 12:45:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний 10 147 байгууллагаас зөвхөн хүнс худалдааны 3731 том, жижиг дэлгүүрийн үйлчилгээ хэвийн байгаа талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ. 


Тухайлбал, хүнс худалдаалж буй нийт 68 томоохон супермаркет, хайпермаркет, худалдааны төв ажиллаж байна. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 7, Налайх дүүрэгт 1, Багануур дүүрэгт 3 нь ажиллаж байгааг онцлов. Дээрх хүнсний худалдааны том, жижиг дэлгүүрүүд 07.00-22.00 цагийн хооронд үйлчлэх бөгөөд согтууруулах ундаа зарахгүй. Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж тогтвортой байгааг мэдээлэлдээ тэмдэглэв.


Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий ресторан, бар, кафены үйлчилгээг түр хаасан байна.


Ташрамд дурдахад, Монгол Улсад дотоодод коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас өчигдөр Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нийслэл, орон нутагт хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байгаа бөгөөд хуульд тусгайлан зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж ажиллахгүй байгаа юм.

Холбоотой мэдээ