Шүүгдэгч Г.Загдаад 6 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-17 14:47:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 17-нд хянан хэлэлцсэн шүүх хурлаар шүүгдэгч Г.Загдаад зургаан жил, 60 хоногийн хугацаагаар хорих ял оноож,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр боллоо. Харин шүүгдэгч Г. Амарсайханд нэг жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.


Шүүгдэгч Г.Загдаад оноосон ялын үндэслэлийг задалж үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх, 2.6-т зааснаар хоёр болон түүнээс олон хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 4 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Мөн тус хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэх үндэслэлээр 1 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.


Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн тул 1 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан тул 900,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Үүнийг 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял оноосон байна.


Шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэх үндэслэлээр 1 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.   

 

Холбоотой мэдээ