Албан байгууллагуудын ажлын цагийг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-18 21:46:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ААНБ-уудын ажиллах хуваарийг аймгийн Засаг дарга захирамжиллаа. Албан байгууллагууд хэвийн, богиносгосон, зайнаас гэсэн гурван чиглэлээр ажиллана.

Хууль хяналтын болоод төрийн тусгай албаныхан, эрчим хүч, дэд бүтцийн салбар, эрүүл мэндийн шат шатны гээд нийт 19 байгууллага хэвийн горимоор ажиллах бол аймаг сумын ЗДТГ, УЦУОШТ, ХХААГ, Мал эмнэлгийн газар, орон нутгийн болон төрийн өмчит компаниуд богиносгосон цагаар буюу өглөө 09-12 цаг, өдөр 14-16 цагийн хооронд ажиллана. Харин аймаг сумын ИТХ, Авто тээвэр, ГБХЗХГ, бүх шатны боловсрол, соёлын байгууллага, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Нийтийн номын сан, Угсаатны зүйн музей зэрэг 25 байгууллага зайнаас буюу цахимаар ажиллахаар боллоо.

Ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, төрийн албаны тасралтгүй байдлыг хангаж ажиллахыг дээрх байгууллагуудад үүрэг болгосон юм.

Холбоотой мэдээ