Төмөр зам дагасан өвчний шинэ голомт үүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан
хотод "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол найм болсон. Өнөөдрийн байдлаар
төмөр замын 1088 ажилтны 878-д нь шинжилгээ хийсэн аж. Үлдсэн ажилтнуудад
шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Дээрх шинжилгээ өгсөн иргэдийн 4
тохиолдол нь сэжигтэй гарсөн бөгөөд нарийвчилсан шинжилгээг авч ХӨСҮТ рүү
хүргэхээр ажиллаж байна. Үүнээс үзэхэд Дархан-Уул аймагт батлагдсан найман
тохиолдол өнөөдрийн шинжилгээнээс сэжигтэй гарсан дөрвөн тохиолдол нийт 12
иргэний 10 нь төмөр замын ажилтнууд аж.
Тиймээс төмөр зам дагасан өвчний шинэ голомт үүссэн гэж мэргэжлийн
байгууллагынхан үзэж байна. Тиймээс төмөр замын ажилтнуудыг ар гэр, тухайн
оршин суух багийн иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн
байна. Тусгаарлах, эрт илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэх учраас тэг зогсолт
маргааш буюу 19-нд хэвээр хэрэгжинэ. Эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчний
асуудал хүндэрсэн тул зэргэлдээ аймгуудын ЭМБ-уудад нэмэлт хүч илгээх хүсэлт
тавьсан аж. Өнөөдөр буюу 18-нд 2000 орчим иргэний шинжилгээг түргэвчилсэн
хэлбэрээр авчээ.
Түүнчлэн 12 мянган оношлуур авахаар захиалга өгч эхний ээлжийн оношлуураа хүлээн авсан байна. Хэдийгээр халдвар авсан иргэдийн тоо бага гэлтгүй нэмэгдэж байгаа ч эхний шинжилгээнүүдээс сайн зүйл гарч байгааг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр онцолсон. Тодруулбал Дарханд илэрсэн анхны тохиолдлын хүүхэдтэй тоглоомын төвд тоглосон 88 хүүхдийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн хоёр дахь тохиолдлын нэгдүгээр хавьтлын 61 иргэнийг тусгаарласан. Шинжилгээний хариу нь бүгд сөрөг гарчээ.
Диализийн аппаратад ордог 60 орчим иргэнийг ЭМГ-тай хамтран цаг тухайд нь хүргэж өгөх, авах ажлыг зохион байгуулахаар болсон байна.