Г.Сайханбаяр: Хатуу болон зөөлөн биетийн хүртвэрээр Сэлэнгэ аймагт халдварын урсгал орж ирсэн нь тогтоогдсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-20 16:32:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа УОК-ын ажлын багийн ахлагч, Батлан хамгаалахын сайд, УОК-ын орлогч дарга Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.

Тэрээр: ”Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжиж, хатуу хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллаж байна.  Иргэд маань үүн дээр маш ухамсартай дэглэмээ сайн сахиж байгаад Онцгой комисс, ажлын багийн бүрэлдэхүүн талархаж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод улсын Онцгой комиссын долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг, ХӨСҮТ-ийн тархвар судлал, халдвар судлалын мэргэжлийн ажлын баг, ЗӨСҮТ-ийн ажлын баг, Улаанбаатар төмөр замын шуурхай ажлын баг, мөн ЦЕГ-аас Сүхбаатар хотын гадуур хамгаалалтад 190 орчим Цагдаагийн алба хаагч, бусад сумаас татан төвлөрүүлсэн 40 орчим цэргийн албан хаагч, Онцгой байдлын алба хаагч нар дэглэм журам сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 9-ний өдөр илэрсэн энэ халдварын тохиолдол хоёр эх үүсвэрээс гарсан нь батлагдсан. Нэгдүгээрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот бол Олон улсын зэрэглэлийн төмөр замын байнгын хөдөлгөөнтэй, өртөөтэй аймаг. Энэ өртөөгөөр өдөртөө 15-20 төмөр замын хөдлөх хэрэгсэл байнга хөдөлж, зорчиж байдаг. Эдгээр төмөр замын орж ирж байгаа бүх тохиолдол хилийн шалган нэвтрүүлэх дээр шалгагдаж, тодорхой хугацаанд бичиг баримтаа солилцож, харилцан бичиг баримтаа баталгаажуулах үйл ажиллагааг хийдэг юм байна. Үүгээр дамжиж хатуу болон зөөлөн биетийн хүртвэрээр эдгээр халдварын урсгал орж ирсэн нь тогтоогдсон.

Хоёрдугаарт Алтанбулагийн Олон улсын автозамын шалган нэвтрүлэх боомт байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хүртэл Сэлэнгэ аймгийн орчин дахь авто зам дээгүүр ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод тээврийн жолооч нар, тээврийн хэрэгслээр тээвэрлэн орж ирсэн вирусүүд ахуйн хавьтлаар дамжин тархсан гэсэн ийм хоёр халдварын эх үүсвэр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тэр тээврийн жолооч нар Алтанбулагаас Улаанбаатар хүрэх автозамын хугацаанд бүрэн хамгаалалттай явж байгаа хэдий ч шүлс, нусаа хаях, бие засах. Мөн түр амрах үедээ элдэв зүйлийг гадагшлуулах, зарим зүйлүүд хууль бус захиврын зүйлүүдийг замдаа хаях гэм мэт зүйлүүдээс үүссэн үүсэл гарал нь тогтоогдсон.


Шинжилгээ оношилгоог Сүхбаатар суманд гурван үндсэн төрлөөр хийж байна

Нэгдүгээрт халдвар тээгчийн ойрын болон хоёрдугаар хавьтлуудыг маш нарийн тодорхойлоод тэдгээрээс шинжилгээ авч дуусч байна. Ер нь бол тархвар зүйн үүднээс аваад үзэх юм бол яг одоо энэ үе бол маш идэвхтэй илрэх үе эхэлчихээд явж байна. Хоёрдугаарт түүвэр аргаар оношилгоо шинжилгээг хийж байна. Бид зөвхөн аймгийнхаа төвд анхаараагүй. Анхаарал татсан зарим суманд түүвэр аргаар шинжилгээ оношилгоо хийж байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар Зүүнхараа өртөө, Хөтөл өртөө, Алтанбулаг, аймгийн төвийн төрийн байгууллагууд, Депо, Дулааны станц гэсэн байгууллагуудад оношилгоо шинжилгээг маш эрчимтэй хийж байна. Улаанбаатар хотоос оношилгооны цэгүүдийг хүчжүүлсэнтэй холбоотой өнөөдөр Сэлэнгэ аймагт 25 цэг ажиллаж байна. Бид халдварыг илрүүлэх процессыг онцгой анхаарч хаана халдвар байна түүнийг илрүүлье гэдэг зорилго тавьж байгаа.


Халдвар гарч байгаа тооноос айх имээх биш, тэр халдварыг олж тогтоох, хязгаарлах, тусгаарлах, цааш нь тархаахгүй байх асуудал дээр ажлын баг онцгой анхаарч ажиллаж байгаа

Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой асуудлаар Улаанбаатар хот болон аймгийн иргэдэд ташаа ойлголт байна. Аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчээс анхны халдвар гарсан. Үүнтэй холбоотой аймгийн эмнэлэгт тухайн үед хэвтэн эмчлүүлж байсан 158 өвчтөн. Мөн аймгийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ үзүүлж байсан 140-өөд эмнэлгийн ажилтнууд, тэдгээрт үйлчилгээ хангаж байсан 22 үйлчилгээний ажилтнуудыг тухайн цаг үед тусгаарлахаас өөр арга байгаагүй ээ. Ийм учраас эмнэлгийн тухайн үед тусгаарлаад, тэр хугацаанд тэр хүмүүсээс 100 хувийн шинжилгээ аваад бүгдийг нь баталгаажуулаад тэнд дотор байсан халдвар авсан этгээдүүд, халдвар тээгч нарыг илрүүлсэн. Улмаар цаашаа халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тодорхойлох, ар гэрт нь судалгаа явуулах бүх тандалтыг хийж дууссан. Хоёр өдрийн өмнөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийг задпах, хэвийн үйл ажиллагааг нь хангах ажлыг зохион байгуулж явуулсан. Өнөөдөр эмнэлэгт байсан тасгууд, өвчтнүүд, тэнд байсан эмнэлгийн ажилтнууд бүгд тус тусдаа тусгаарлагдах байруудад тусгаарлагдаж гарсан. Өнөөдөр мэс засал, төрөх эмнэлэг, халдварт эдгээр эмнэлгүүдийн үйл ажиллагааг өөр блокуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн горимыг дээд зэргээр сахиад үйл ажиллагааг нь хэвийн явуулж байна. Болзошгүй халдвар тархалтын идэвхжилтэй энэ цаг үед байр савны бэлтгэлийг хангах, ер нь тусгаарлах байруудыг нэмэгдүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээг авч зохион байгуулж дууслаа.

Өнөөдөр аймаг болоод Сүхбаатар сумын хэмжээнд БТС-ын ордон, ЕБ-ын дөрвөн сургуулийн спорт заалуудад тусгаарлах байруудыг бэлтгээд байна. Энэ зүгээр байр ариутгах асуудал биш. Энэ байранд халдвар тээгч, халдвартай хүмүүсийг хүлээж авах, эсвэл сэжиг бүхий хүнийг тусгаарлах зориулалтаар байруудыг иж бүрнээр нь бэлдсэн. Энд ариутгал цэвэрлэгээг стандартын дагуу хийж, ор, хөнжил гудас, цагаан хэрэгслийг бүрэн хэмжээгээр бэлтгэж, аж ахуй зохион байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангуулсан. Сэлэнгэ аймгийн тухайд бас нэг гол анхаарах ажил бол сумууд дээрх ажлыг зохион байгуулах асуудал байгаа. Иймээс аймгийн Онцгой комиссоос сумд дээр зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж, өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна. Өнөөдөр Зүүнхараа нэлээд анхаарал татаж байна.

Ер нь өнөөдөр бид нар халдвартай холбоотой асуудлаарх үйл ажиллагааны тойм зураглалыг бүрэн харж байна. Иргэдтэй холбоотой, халдвар тархалттай холбоотой асуудал дээр илрүүлэх процессыг л хамгийн хурдтай, шуурхай, эрчимтэй, өргөн хэмжээнд хийнэ. Дээрээс нь хоорондын хавьтлуудыг бүрэн салгах ёстой. Эцэст нь хэлэхэд аймийн хэмжээнд халдвар хамгааллын ажлыг өдөр тутам стандартын дагуу хийж байна. 

Холбоотой мэдээ