Монгол, Сингапур дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан шуудангийн марк гаргав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-11-25 16:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол Шуудан” ХК, “СингПост” ХК хамтран шуудангийн марк гаргажээ.


Уг маркийн нээлтийг Сингапур улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас цахимаар зохион байгуулсан юм. Нээлтэд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Сингапурын Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Нг Тек Хеан нар оролцов.


Нээлтийн үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Сингапур дахь Дипломат Корпусын тэргүүн Т.Лхагвадорж, “Энэхүү маркт тусгасан хатгамлууд нь манай хоёр орны баялаг соёлыг агуулж байгаа. Бидний ирээдүй энэхүү бүтээлүүдийн бэлгэдэл мэт урт удаан аз жаргал, хөгжил дэвшил, хайр, баяр жаргалаар дүүрэн байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээв.


Шуудангийн марк нь хоёр улсын хатгамал урлагийн давтагдашгүй онцлог соёлыг дүрсжүүлсэн юм. Монголын талын шуудангийн маркт өлзий хээтэй аяганы уутны хэсгийг дүрсэлжээ. Өлзий хээ нь эзэндээ өргөн дэлгэр эрдэм, мэдлэг, баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслах, аз жаргал, ээл ивээл, хязгааргүй өлзий хутаг, буян хишиг тэгш дүүрэн дэлгэрэх, хэмжээлшгүй амар амгалангийн бэлгэдэл буюу хамгийн дээд бэлгэдлийг агуулдаг учир энх жаргалангийн хээ хэмээн нэрлэдэг. Харин Сингапурын талын шуудангийн маркийн дүрслэлийн хувьд перанакан үндэстний хуримын ёслолын үеэр сүйт залуусын баярын зоогийн ширээг чимэглэдэг шилэн хэлхээсэн гоёлтой “чун ток” хэмээн нэрлэдэг ширээний бүтээлгийн хатгамлыг дүрсэлсэн байна.

Холбоотой мэдээ