Төмөр замын 5650 ажлын байранд ариутгал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
oyundelger@montsame.gov.mn
2020-11-25 18:57:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын газрын хэмжээнд өчигдөр өдөр тутмын 5650, мэргэжлийн 437 ажлын байрны 31 мянга, 937 м2 талбайг ариутгажээ.


Мөн зөөврийн 38, ачааны галт тэрэгний 183, сэлгээний галт тэрэгний 33 зүтгүүр, гэрээт байгууллагын 39 галт тэрэг, вагон чингэлэг нийлсэн 2010 хөдлөх бүрэлдэхүүнийг ариутган халдваргүйжүүлэв.


“Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал боллоо.


“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр мэдээлэхдээ, “Төмөр замын 15 958 хүнээс 15 834 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Ээлжийн амралттай, чөлөөтэй, хөдөө, орон нутагт очоод хөл хорионд орсон зэрэг шалтгаантай хүмүүсийг шинжилгээнд хамруулахаар тухайн орон нутгийн удирдлагатай ярьж байгаа.

УБТЗ-аас томилогдсон хүмүүс Сүхбаатар, Дархан, Сайншанд, Замын-Үүдэд зохицуулалт хийж байна” гэв.


ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Үүссэн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрийг ЗТХ-ийн сайд гаргаж байгаа тул Засгийн газар, УОК-т танилцуулах мэдээллийг сайдаас чиглэл авах, шийдвэрийг түргэн шуурхай гаргах шаардлага үүсвэл утсаар, амаар, мессежээр өгч байгаа мэдээлэлд хариуцлагатай хандаж, бичгээр албажуулах, Шуурхай бүлэг ажиллах хугацаанд бүлгийн ахлагчаас өгсөн даалгаврын биелэлтэд анхаарч улам эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Холбоотой мэдээ