Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг онцолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 19:11:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нийслэлийн орох гарах хөдөлгөөн хязгаарлан, нийтийн тээврийн бүх автобусанд дундын болон эцсийн зогсоолд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зорчигч хоорондын зай, суудлын тоо тогтоож, амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж байна.


Ойрын болон дам хавьтлын байр, өрөө тасалгааны 1 сая 760 мянган мкв талбайд голомтын болон урьдчилан сэргийлах ариутгал, халдваргүйжүүлэлт хийв. Мөн технологийн дэвшил ашиглан иргэд, авто замын хөдөлгөөнийг цахим бүртгэлд шилжүүлснээр  17 мянган тээврийн хэрэгсэл тодорхой цагт замын хөдөлгөөнд QR кодоор оролцож байна.


Хязгаарлалт тогтоож, иргэдийн орлогын түвшин буурсантай холбогдуулан хүнсний хангамжийг нэмэх, үнийг тогтвортой хадгалах, махны зохиомол хомсдолоос сэргийлж, нийслэлийн долоон дүүрэгт 28 байршилд 497,8 тн нөөцийн мах борлууллаа. Хүнсний нөөц хэвийн хэмжээнд байгаа.


Нийслэлийн өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тогтоох ажлыг эхлүүлж,  10 мянган өрхөд сайжруулсан түлш олгохоос 4150 айлыг хамруулсан. Орон гэргүй 248 иргэний 169-г нь Нийгмийн хамгааллын тусгай төв,  түр байрлуулж үйлчилдэг зургаан ТББ-д хүргэн, шинжилгээнд хамруулж, амны хаалт, ариутгалын материал, хоол хүнсээр хангасан.


Цаашид коронавирусийн халдварыг зогсоохын зэрэгцээ иргэд, бизнес эрхлэгчдийн санал, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг ул суурь болгон энэ цаг үеийг эдийн засгийн хохирол багатай давах боломжтойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар онцлов.


НИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ