Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-01 21:38:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штаб 12 дугаар сарын 1-11-ний өдөр хүртэл 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.


Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан иргэдийг хөдөө орон нутаг руу тээвэрлэх ажил өнөөдрөөс эхэлж байгаа. Урьдчилсан байдлаар Говь-Алтай аймаг руу 4000 орчим иргэн ирэх чиглэлтэй байгаа бөгөөд давхардаж бүртгүүлсэн зэргээс хасагдах тохиолдол байгааг ЭМГ-ын дарга Ц.Туяа мэдээлэв. Ирж байгаа иргэд бүгд коронавирусний түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсан ч 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ажээ.

Сумдын шуурхай штабуудтай энэ сарын 28-ны өдөр цахим хурал хийж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн гээд иргэд тайвширч болохгүй. Учир нь халдварын бүс нутгаас 4000 гаруй иргэн ирэх гэж байна. Иймээс хүн бүр дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, хөл хориог чанд баримтлах хэрэгтэй. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд ч гэсэн ухамсартай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, өөрийн гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүргээ ухамсарлах шаардлагатай” гэдгийг тус аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас онцгойлон анхааруулав.


Холбоотой мэдээ