Бизнесийн орчин хүндрэлтэй хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-05 17:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран Монгол Улсын бизнесийн орчны ээлжит судалгааг явуулжээ. Үүгээр Монгол Улсын бизнесийн орчны ерөнхий үнэлгээг  2017 оны судалгаатай харьцуулахад 0.46 пунктээр сайжирсан байна. Гэсэн хэдий ч бизнесийн орчин хангалттай сайн биш хэвээр байна. Үүнийг сайжруулахын тулд Засгийн газраас нэн тэргүүнд:

  • зээлийн хүүг бууруулах,
  • зээлийн нөхцлийг сайжруулах,
  • татварын таатай орчин бүрдүүлэх,
  • хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзжээ.

Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал, хууль эрхзүй, дэд бүтэц, технологи, нийгэмл соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үжээ. Ингэхэд Монгол Улсын бизнесийн орчны ерөнхий үнэлээ 2.91 буюу дунд гэж үнэлэгджээ. Дээр дурдсанчлан анх судалгаа хийж байсан 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад 0.49 пунктээр дээшилж бага зэрэг сайжирсан байна. Бизнесийн орчны хүчин зүйлсээс сүүлийн 3 жилд дэд бүтэц, технологийн орчин 0.69 пунктээр дээшилж хамгийн эерэг өөрчлөлттэй гарчээ.

Харин эдийн засгийн орчин, засаглал, хууль эрхзүйн орчин хамгийн доогуур үнэлэгдсэн хэдий ч 2017 оны үнэлгээтэй харьцуулахад 0.27-0.38 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ.




Эндээс бизнесийн өрсөлдөөний төлвийг судалж гаргахад судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 64 хувь нь бизнесийн гол өрсөлдөгчөө дотоодын өөрийн ААН-үүд гэж үзсэн бол 21 хувь нь БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүн, 11 хувь нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН-үүд гэж үзжээ.

Монгол Улсад бизнесийн орчинг сайжруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих эхний 5 үйл ажиллагаа, арга хэмжээнд:

  • 79.7 хувь нь бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах
  • 77.9 хувь нь татварын таатай орчинг бүрдүүлэх
  • 62.9 хувь нь хууль эрхзүйн орчинг сайжруулах,
  • 58.8 хувь нь үндэсний үйлдэрлэлийг татварын бодлогоор дэмжих,
  • 51.5 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах хэрэгтэй байна гэжээ.

Монгол Улсын бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон үнэлэх, бизнесийн орчныг сайжруулах шаардлага боломжуудыг гаргах зорилгоор явуулсан дээрх судалгаанд энэ оны 5-6 дугаар сард нийт 4700 орчим ААН хамрагдаж, судалгааг бизнесийн орчинд нөлөөлж буй хүчин зүйлсийн ерөнхий үнэлгээ, бизнесийн орчинг сайжруулах чиглэл гэсэн үндсэн 2 бүлгээр хийжээ.


Холбоотой мэдээ