“Содура” шилдгийн шилдэг бүтээлээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-06-04 21:46:20

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи"-иас санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн “Академи Авардс” наадам өнөөдөр Их тэнгэр цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадамд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинациар шалгаруулав. 

Шилдэг найруулагчийн шагналыг Ж.Сэнгэдорж “Lovers” киногоороо хүртэв. 

Тэрбээр, "Яагаад бид шинэчлэлийг хийж болохгүй гэж уран бүтээлээ нэлээд зориглож хийсэн. Намайг дураараа дургих боломжийг олгосон Прайм Пикчерсийнхэндээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Шилдэг эрэгтэй гол дүрд 14 жүжигчин нэр дэвшиж "Атганд үлдсэн эрдэнэ" кинонд тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва тодорлоо.Тэрбээр, "Хувьсал продакшныхаа надад хандсан итгэл сэтгэлийг даах  ноён нуруутай явах болно. Мөн нэр дэвшиж уралдаанд явсан үе олон бий. Ийм олон хүмүүс нэр дэвшиж явсныг үзээгүйдээ балмагдаж байна. Шил дагаад гарч байгаа дараа үеийнхэндээ амжилт хүсье" гэв.

Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг жүжигчин Д.Гэрэлмаа “Ловерс” киногоороо хүртсэн бол шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг  “Содура” киногоор жүжигчин С.Ариунбямба, Шилдэг эмэгтэй туслах дүрд “Содура” киногоор СТА С.Болормаа нар тус тус хүртэв.

Шилдэг богино хэмжээний кино төрөлд М.Аззаяа, Б.Баярсайхан "Эргэж ирсэн нь", Б.Тулгаа “Ертөнцийн өнгө”, Б.Чингүүн “Морин хуур”, Б.Сүхболд “Бэлэг” бүтээлээр нэр дэвшиж М.Аззаяа, Б.Баярсайхан "Эргэж ирсэн нь"  киногоороо хүртэв.

Шилдэг зураач номинацид Ц.Хүрэлбаатар “Атганд үлдсэн эрдэнэ”, “Үргээлэг-2”, Э.Оргил, Д.Ундраа “Муу нүүрт”, П.Бэрхээдэй “Өртөө”, Н.Болор-Эрдэнэ “Содура” киногоор нэр дэвшиж Н.Болор-Эрдэнэ шалгарлаа.

Шилдэг зураглаачаар  “Ловерс” киногоор Э.Нэргүй, Шилдэг эвлүүлэгчээр “Ловерс” киногоор М.Төгөлдөр, Шилдэг хөгжмийн хөгжмийн зохиолчоор “Маш нууц” киногоор Б.Одбаяр,  Шилдэг дууны төрөлд “Содура” киноны дуу шалгарлаа.

Шилэг дебют шагналыг “Замбуулин дуусах болоогүй” киногоор М.Батбаяр, Шилдэг дууны найруулгын шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоор Михиа Рикардо, н.Сүхдамба нар, Шилдэг зохиолчоор “Үргээлэг-2” киногоор Т.Бум-Эрдэнэ, Шилдэг дүрсний эффектын шагналыг “Содура” киногоор Ш.Тансаг,   Шилдэг нүүр будалт төрөлд нүүр хувиргагч Г.Ганчимэг “Содура” киногоор , Шилдэг хөрөнгө оруулагчаар   Прайм Пикчэрс “Үргээлэг-2” киногоороо хүртэв.

Мөн энэ жил шинээр бий болгосон академич Х.Дамдины нэрэмжит шагналыг "Атганд үлдсэн эрдэнэ" киноны зохиолч, найруулагч У.Уранчимэгт гардуулсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ