Боловсролын дипломын лавлагаа зэрэг долоон төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-27 11:45:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх, тухайн жилийн тайлан хүлээн авах, дүгнэх, нийтэд мэдээлэл, лавлагаа олгох, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагаа энэ сарын 11-нээс цахим хэлбэрт шилжлээ.


Ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлдэг байсан 7 төрлийн цаасан материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой болов.


Таван төрлийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн “ХУР” систем, бусад төрийн байгууллагын цахим системээс авч баталгаажуулдаг болсон. Ингэснээр төрийн мэдээллийн сангаас гарах боломжтой лавлагаа, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй байх зарчмыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний нэгдмэл, баталгаатай байдлыг хангаж, үйлчилгээг шуурхай болголоо. Үүнд:

·Иргэний мэдээлэл

·Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл

·Иргэний нийгмийн даатгалын мэдээлэл

·Боловсролын дипломын лавлагааны мэдээлэл

·Геодезийн багаж бүртгэлийн мэдээлэл


Энэ сарын 25-ны байдлаар цахим системд  178 аж ахуйн нэгж, 284 ажилтан бүртгүүлжээ. Шинээр 41 хүсэлт ирсний тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах  4, сунгуулах  12, нөхөж авах 2, тайлан дүгнүүлэх 23 хүсэлт байв.

Аж ахуйн нэгжүүд https://license.gazar.gov.mn/ хаягаар нэвтэрч, хүсэлтээ ирүүлэх боломжтой.

 

Холбоотой мэдээ