Януковичийг эсэргүүцэгчдийг дэмжихэд АНУ бараг таван тэрбум доллар зарцуулсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-29 14:57:11

МОСКВА. /RIA Novosti/. Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцэгчдийг дэмжихэд Америкийн эрх баригчид тав хүртэл тэрбум доллар зарцуулсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын сэтгүүлч Чарли Роузуд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Чарли Роузу телевизийн “CBS” болон “PBS” сувагт зориулж ярилцлага авсан байна.  

Януковичийг түлхэн унагахад гүйцэтгэсэн АНУ-ын үүрэг түүнд тов тодорхой байсныг Оросын төрийн тэргүүн ярилцлага өгөх үеэрээ мэдээлээд Америкийн түншүүд нь үүнийгээ хэдийн нуухаа больсныг онцлон дурджээ.

"Тиймээ бид дэмжсэн, бэлтгэсэн, шаардлагатай мөнгийг зарцуулсан гэж тэд шулуухан хэлж байна. Тэд том тоо хэлж байна. Бараг таван тэрбум. Ийм учраас энд нууцлаад байх зүйл байхгүй, үүнтэй одоо хэн ч маргахгүй" гэж Путин хэлсэн байна.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцохынхоо өмнө ярилцлага өгчээ.

Янукович 2014 оны хоёрдугаар сард Украинд төрийн эргэлт гарсны дараа Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон юм. Дээд рад түүнийг төрийн эрхнээс зайлуулж, Үндсэн хуулийг өөрчлөн, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг товлосон бөгөөд энэ сонгуулиар Петр Порошенко Украины шинэ Ерөнхийлөгч болсон билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд