Сансар судлалын тухай нэвтрүүлэг цахимаар гарч эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-02-26 16:57:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансрын уудамд нисэж, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг болсны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойтой холбогдуулан БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, Ж.Гүррагчаа "Сансрын юм ярья" нэвтрүүлгийг санаачлан олон нийтэд хүргэж эхэллээ. 

Тодруулбал, хүн төрөлхтөн сансарт ниссэн анхны үүх түүхээс эхлээд Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг, сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, цаашдын чиг хандлага, одон орны тухай өгүүлэх “Сансрын юм ярья” хэмээх 5 минутын, богино хэмжээний цуврал нэвтрүүлэг олон нийтэд цахимаар хүрч эхэллээ.

Энэ талаар БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, Ж.Гүррагчаа хэлэхдээ, “Энэ жил Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жилийн ой зэрэг олон үйл явдлын түүх тохиосон онцлогтой жил болж байна. Эдгээр түүхэн үйл явдлын талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаа харгалзан өөрчлөх, нийгмийн сүлжээгээр түгээх хэрэгцээ байгаа юм. Эдгээр нэвтрүүлэг, мэдээлэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн таних тэмдэгтэй олон нийтэд хүрч байна. Үүнийг хүүхдүүдээс эхлээд хэн ч үзэж сонирхож, авч ашиглаж болох юм” гэлээ.


“Сансрын юм ярья” нэвтрүүлэг 15 цувралаас бүрдэх бөгөөд мөн “Тэмүүлэл” гэсэн ярилцлагын нэвтрүүлгийн хамт оюутан, сурагчдын хичээлд ашиглах, олон нийтэд үзүүлэх, түгээх хэлбэрээр хийсэн учир эдгээр нэвтрүүлгийг хэн ч ашиглахад нээлттэй хэмээн зохиогчид нь хэлж байна. “Тэмүүлэл” ярилцлагын нэвтрүүлэг, Монгол Улсын сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, хэрэгцээ шаардлагыг харуулсан баримтат кино зэргийг бүтээх төслийг “Васт” продакшн, “Амгалан дэлхий” ТББ, ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын Сансрын технологийн холбоо хамтран хэрэгжүүлж эхэлжээ.  


“Васт” продакшны гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин энэ талаар хэлэхдээ, “Ямар ч салбар өнөөдөр технологийн дэвшлийг нэвтрүүлэхгүйгээр урагшлахгүй. Тэр дундаа бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг, хэрэглээ нь улам бүр өссөөр байгаа сансрын технологиос холдох, хоцрох эрхгүй. Баяжиж, хөрөнгөжиж байгаад барьж авна гэдэг ойлголт байдаггүй. 3 дахь шатанд хүрэхийн тулд өмнөх шатыг туулах л ёстой. Үүнд манлайлагч нь байхыг  хүсэж манай хамт олон энэ салбарыг итгэл үнэмшлээрээ хүсэл сонирхлоороо дэмжин ажиллаж байна" гэв.

“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам хэлэхдээ, "Нийгэм өнөөдөр юунд сатаарч, юу руу хуйларч байна, түүнийг л шүүрч аваад, тойрч эргэлдээд байвал хэвлэл мэдээллийн салбарын чиглүүлэгч, соён гэгээрүүлэгч байх үүрэг мартагдана. Энэ үүднээс “Сансрын юм ярья” төслийг дэмжиж, манлайлан ажиллаж байна. Энэ бол дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлж буй нэг  зорилго” гэлээ. 


“Сансрын юм ярья” богино нэвтрүүлгээр сансрын жингүүдэл, хоол хүнс, сансрын хөлөг, хувцас хэрэглэлээс эхлээд сансрын нислэгийн үйл явц, технологийн шийдэл, од эрхэс, нарны аймгийн талаарх мэдээллийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр зохиомжлон хүргэж байна. “Сансрын юм ярья” төсөл нь энэ оны 4 дүгээр сарыг дуустал үргэлжлэх нь. Мөн сэтгэл зүрхээрээ хамтран ажиллах дэмжих, санал бодлоо хуваалцахад нээлттэй гэж байлаа. 


Холбоотой мэдээ